Нийгмийн сүлжээн дэх инфлюэнсер Баярмаад хандив өгсөн хүмүүсийн нэрс задарлаа гэсэн агуулга бүхий мэдээлэл тархан өндөр хандалт аваад байна (энд, энд). Энэ мэдээлэлд 2024 оны 02 дугаар сарын 17-нд голчлон 50,000 төгрөг болон 100,000 төгрөг шилжүүлсэн хүмүүсийг утасны дугаарын хамт тэмдэглэсэн гэх агуулгатай хүснэгт болон Баярмаагийн зургийн хамт түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Бид мэдээлэлд ашигласан хүснэгтийн эх сурвалжийг хайхад энэ нь ‘One Life Auto Moto Shop‘ гэсэн автомашины хонжвортой сугалаа явуулдаг фейсбүүк хуудасны сугалаанд оролцогчдын жагсаалт болох нь илэрсэн.
Тус фейсбүүк хуудас нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ‘One Life хуучин хаяг’ гэсэн хаягаасаа шууд бичлэгтэй сугалаа явуулан коммент хэсэгт сугалаанд оролцсон хүмүүсийн мэдээллийг Google Sheet-д жагсаасан линкийг оруулсан байгааг харж болно. Энэ линк рүү орвол ‘Lexus 570 har’ гэсэн хэсэгт бидний шалгасан мэдээлэлд ашигласан зурагтай ижил мэдээлэл байгааг харж болно.
Баярмаад хандивлагчдын нэрс гэх мэдээлэлд ‘One Life Auto Moto Shop’ сугалаанд оролцогчдын нэрсийн хүснэгтийн 1380-1401 хүртэлх дугаартай оролцогчдын зургийг таслан авч ашигласныг харж болохоор байна. Хэдийгээр Баярмаа 02 дугаар сарын 23-нд нийтэлсэн малчдад хандив илгээсэн тухай бичлэгтээ түүний Телеграм сувгийг дагахад 50 мянган төгрөг төлдөг тухай ярьсан ч дээрх зураг нь түүний дагагчдын хандивын мэдээлэл биш харин сугалаанд оролцогчдын жагсаалт юм.