Жимсний шошго дахь тооны цувралыг 2015 онд өөрчилсөн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #872

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Жимсэн дээр 8-аар эхэлсэн таван оронтой тоо байвал генийн өөрчлөлтэй гэх бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Жимсний шошго дахь тооны цувралыг 2015 оноос өөрчилсөн бөгөөд 8-аар эхэлсэн таван оронтой тоогоор “органик бусаар ургуулсан” жимсийг тэмдэглэдэг болжээ.

2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Гоё photo нэртэй фейсбүүк пэйж “Жимсийг шошгоор нь сонгохуй” гэх бичлэг оруулсан нь одоог хүртэл шэйрлэгдэн түгээгдсээр байна. Уг бичлэг 2024 оны 2 дугаар сарын 20-ны байдлаар 390 гаруй реакц, 5 сэтгэгдэл авч, 12000 гаруй удаа цааш түгээгджээ.

Бичлэгт “Таван оронтой 9-ийн тоогоор эхэлсэн бол органик жимс, таван оронтой 8-ийн тоогоор эхэлсэн бол генийн өөрчлөлттэй жимс, дөрвөн оронтой 3 болон 4-өөр эхэлсэн бол химийн нэмэлт бордоо ашигласан жимс. Харин ямар ч шошгогүй жимснээс та зугтаарай. Олон улсын стандартын дагуу ямар нэгэн асуудалтай жимсэнд шошго тавихаас татгалздаг байна” гэсэн тайлбар хийжээ.

Жимсний шошго дээрх тоонууд ямар учиртай вэ?

Жимс, ногооны шошго дээрх 4-5 оронтой тоо нь “PLU” буюу “Price Look Up” нь IFPS (Олон улсын ургац стандартын холбоо)-ээс гаргадаг жимс, ногоо, ургацын бүтээгдэхүүнийг ангилахад зориулагдсан код юм. PLU код нь худалдагч болон худалдан авагчид тухайн бүтээгдэхүүний төрөл, ургуулсан аргачлал болон хэмжээг ялган харахад туслах юм. 

Шалгасан бичлэгт 5 оронтой, 8-ын тоогоор эхэлсэн бол гений өөрчлөлтэй жимс гэжээ.

  • 2015 оноос хойш органик бус аргаар ургуулсан жимс, ногоог 8-аар эхэлсэн таван оронтой тоогоор тэмдэглэдэг болжээ

Үүнийг шалгахад, хэдийгээр өмнө нь ийм байсан боловч IFPS-ээс 2015 оны 7 дугаар сард гаргасан хэвлэлийн мэдэгдэлд энэхүү дугаарлалт нь ирээдүйд өөрчлөгдөх талаар дурдсан байна. Тодруулбал, “84xxx” болон “83xxx” цуврал кодоор генийн өөрчлөлтэй жимс, ногоог тэмдэглэж байснаа болиод органик бус аргаар ургуулсан жимс, ногоог тэмдэглэдэг болно. Учир нь органик бус аргаар ургуулсан жимс, ногооны код болох “4xxx” болон “3xxx” цувралууд нь удахгүй олгогдоод дуусна хэмээжээ.

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн байдлаар PLU кодыг дараах байдлаар дугаарлана хэмээн IFPS вэбсайт дээрээ мэдээлжээ.

  • Органик бус аргаар ургуулсан
    • 4xxx, 3xxx  цувралууд
    • хэрэв дээрх цуврал код олгогдоод дуусвал 84xxx, 83xxx цувралууд
  • Органик аргаар ургуулсан
    • 94xxx, 93xxx цувралууд

Жишээлбэл, emart худалдааны төвд худалдаалж буй Royal Gala сортын алим нь органик бусаар ургуулсан гэх тэмдэглэгээ буюу 4-өөр эхэлсэн дөрвөн оронтой тоо бүхий шошготой байна.

Гаалийн ерөнхий газраас тодруулахад, “жимс, ногоог том хайрцагтай, шошготой оруулж ирдэг ба шалгаад импортын гэрчилгээ олгодог” гэв. Тиймээс жимсний ширхэг бүрд тоон дугаарлалттай шошго тавиагүй бол тухайн дэлгүүрээс хайрцаг дахь шошго болон холбогдох зөвшөөрөл, бичгийг үзүүлэхийг хүсээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document