2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Hazsan Apple гэх хаягтай фейсбүүк хэрэглэгч аргаль, янгир агнасан Shikar Safaris-ын бичлэгийг нийтлэн “Нэг удаагийн анд явалтаар 20-30 аргаль, 200-аад янгир агнадаг” гэж түгээжээ. Уг бичлэг 2024 оны 2 дугаар сарын 20-ны байдлаар 1300 гаруй реакц, 401 сэтгэгдэл авч, 3600 гаруй удаа цааш түгээгджээ.
Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Нэг удаагийн анд явалтаар 20-30 аргаль, 200-аад янгир агнадаг гэж хэлээгүй байна
Нийтэлсэн бичлэгийг 7 минут 24 секунд дээрээс эхлэн орчуулан хөрвүүлбэл:
- “We see how many sheep today?”
- “Өнөөдөр бид хэдэн аргаль, хонь харсан билээ?”
- “For like 30, 40 rams and I don’t know 100, 150 sheep total”
- “Ойролцоогоор 30, 40 аргаль. Нийтдээ 100, 150 юм уу даа”
- “And then top of it 200 ibex, there was a monster and 10 maral stags”
- “Дээр нь нэмээд 200-аад янгир, аварга буга болон 10 буга марал”
Эндээс үзвэл нийтэлсэн бичлэг дээрх энэ яриаг орчуулан хүргэхдээ гуйвуулан, олж харсан аргаль, янгирын тоог “нэг удаагийн анд явалтаар агнасан аргаль, янгирын тоо” хэмээн буруу мэдээлжээ.
Бичлэгт 2024 оноос эхлэн ангаа авч гарж болдог болно гэх агуулгатай зүйл яриагүй
Бичлэгийн 03:41 дээр “Баян-Өлгий аймгийн казак, монгол ард түмэндээ баярлалаа” мөн 06:50 дээр “Монголын Засгийн газарт талархаж байна” гэж байгаа боловч нийт бичлэгийн 11 минут 17 секундийн хугацаанд “2024 оноос эхлэн ангаа авч гарж болдог болно” гэсэн зүйл огт дурдагдаагүй байна.
Бид энэ талаар БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газраас тодруулахад “Амьтан агнах тусгай зөвшөөрөл авсан монгол болон гадаадын иргэн агнасан ангаа авч явах эрхтэй бөгөөд гагцхүү тусгай зөвшөөрлийн төлбөр, хураамж төлсөн хэмжээгээрээ агнах эрхтэй. Хэрэв төлсөн тусгай төлбөр, хураамжаасаа хэтэрч агнавал Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээж, нөхөн төлбөр ногдуулна” гэсэн юм.
Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолын хавсралтад заасны дагуу тусгай төлбөртэйгөөр агнуулах амьтны олзворын жишиг үнэ, төлбөр, хураамж нь дараах хэмжээтэй байна.
Сэтгэгдэл хэсэгт оруулсан зургаар төөрөгдүүлжээ
2024 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Hazsan Apple фейсбүүк хуудас оруулсан постныхоо сэтгэгдэл хэсэгт зураг оруулсан байна. Уг зураг дээрх өгүүлбэрийг shikarsafaris инстаграм хэрэглэгчийн оруулсан нийтлэлтэй харьцуулж үзвэл өгүүлбэрийн дундаас тастаж авсан нь харагдаж байна.
Эх өгүүлбэр нь “We have the great news that USFWS supporting our conservation efforts in Central Asia for Argalis and Mongolian Argalis will be able to import to US in 2024.” хэмээжээ.
Үүнийг орчуулбал “USFWS* нь бидний Төв Азийн аргаль хамгаалах хүчин чармайлтыг дэмжиж, 2024 оноос Монгол аргалийг АНУ руу сэргээн нутагшуулах боломжтой болно” гэсэн утгатай юм.
USFWS* – United States Fish and Wildelife Service – АНУ-ын загас болон зэрлэг байгалийн алба нь Америкчуудад зэрлэг байгалийн өв уламжлалыг таалах эрүүл орчинг бүрдүүлэх зорилготой байгууллага.
Хууль эрх зүйн орчин ямар байдаг вэ?
Амьтны тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу мэргэжлийн байгууллага нь амьтныг сэргээн нутагшуулах үйл ажиллагааг эрхэлж болно.
Мөн бид 2024 оны 02 дугаар сарын 19-нд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос тодруулахад дээрх мэдээллийг “ор үндэсгүй” зүйл гэсэн юм.
Иймд гадаад хэл дээрх мэдээ, мэдээллийг авахдаа болгоомжтой хандаж, баталгаат орчуулгын эх сурвалжтай газраас авч байна уу.