2024 оны 01-р сарын 18-ны өдөр Minimal хэрэгцээт бараа гэх хуудаснаас “Завхан аймагт өчигдөр, анхаарал болгоомжтой байна уу” гэх тайлбартай их хэмжээний цас гаталж буй адууны бичлэгийг түгээжээ. Тус мэдээлэл нь нийт 2,200 реакц, 179 сэтгэгдэл авч, 719 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Бичлэгийн хэсгийг зургаар хайхад хангалттай илэрц гарч ирээгүй тул бид TikTok платформоос “Их хэмжээний цас гаталж буй морь” гэх түлхүүр үгээр хайхад 2024 оны 01-р сарын 16-ны өдөр @tiktok_tales7 гэх TikTok хаягт “Хэмү тосгонд морь цасан шуурга гаталж байна. Цасны зузаан 63 инч хүрлээ. (Шинжаан, Хятад, 2024.01.10)” гэх тайлбартайгаар ижил бичлэгийг нийтэлжээ.
Бичлэг Хятадад хийгдсэнийг үндэслэн үргэлжлүүлэн Douyin-аас (Хятадын TikTok хувилбар) “Шинжааны Хэмү тосгонд болсон цасан шуурга” агуулгаар хайхад 917,000 дагагчтай Chanji daily гэх хаягт шалгаж буй бичлэгийг хавсаргасан байсан бөгөөд тайлбар хэсэгтээ эх сурвалжаа дурджээ.
Дурдсан эх сурвалжуудыг Douyin-аас хайхад бидний шалгаж буй бичлэгийн эх хувилбар нь Шинжаанд байрлалтай @加勒生 гэх хаягт 2024 оны 01-р сарын 10-ны өдөр нийтлэгдсэн байна.
Энэ оны нэгдүгээр сарын эхээр Шинжаанд их хэмжээний цас орсон тухай Reuters мэдээлж байсан ба зарим газар хаагдаж, жуулчид хөдөлж чадахгүй боогдсон тухай мэдээлж байжээ. Дээрх хаяг дахь адуу цас туулж буй бичлэг Завхан аймагт биш харин Шинжааны Хэмү тосгонд их хэмжээний цас орсны дараах байхаар байна. Монгол орны хэмжээнд зуд болж буй үед төстэй үйл явдлын бичлэгийг Монголд болсон мэтээр түгээжээ.