Ozempic төст тариаг чихрийн шижин хэвшинж II болон таргалалт өвчний үед хэрэглэдэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #869

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Ozempic тариаг ашиглан турах боломжтой гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Уг тарилгыг Чихрийн шижин хэвшинж 2 болон таргалалт өвчний үед цусны глюкоз бууруулах, чихрийн шижингийн хүндрэлээс сэргийлэх зорилгоор эмийн бус болон бусад эмийн эмчилгээтэй хавсран, хувь хүний онцлогт тохируулан, эмчийн хяналтанд хэрэглэдэг. OZEMPIC нь Монгол Улсын хүний эмийн бүртгэлд бүртгэгдээгүй тул эмч нар зөвлөдөггүй.

Цахим орчинд “Ozempic тариа тарьж турах боломжтой” гэх мэдээлэл түгсэн ба, нэгэн эмэгтэй “биеийн том булчинд, ихэвчлэн гэдэс, хоёр гуяны хэсэгт тарихыг санал болгодог” гэж ярьсан бичлэгийг төрөл бүрийн тайлбартайгаар түгээж байна.

Эдгээрийн нэг нь 2024 оны 02 дугаар сарын 5-ны өдөр ᠠᠵᠠᠵᠢᠷᠭᠠᠯ ᠮᠤᠩᠭᠣᠯᠵᠢᠨ (Азжаргал Монголжин) гэх хаягаас “Энэ хүүхэн шоронд орох нь дээ… 2-р зэргийн чихрийн шижинд тарьдаг, эмчийн бичгээр өгдөг тариа бөөнөөр нь олоод авчихсан хүмүүсийн цувдайнд шахаад тураадаг тариа гээд зараад байх юм …” хэмээн тайлбарыг үнэн зөв агуулгатай бичсэн ч хуурамч мэдээлэл түгээсэн бичлэгийг постолжээ. Тус мэдээлэл нь нийт 834 реакц, 240 сэтгэгдэл авч, 338 мянга гаруй хэрэглэгч үзэж, 1,100 гаруй удаа цааг түгээгдсэн байна.

Хэдийгээр тайлбар нь үнэн зөв агуулгатай байгаа ч хуурамч мэдээллийг түгээж байгаа нэг хэлбэр тул бид бичлэгт үнэлгээ өглөө.  

Бид Ozempic тарианы тухай АУ-ны доктор, Дэд профессор, МУ-ын зөвлөх зэргийн эмч, Дотоод шүүрэл судлалын эмч С.Сайнбилэгээс тодруулахад,

  • “Семаглутид нь Глюкагон төст пептид-1 гэдэг эмийн бүлэгт багтдаг дааврын бэлдмэл юм. Уг тарилгыг Чихрийн шижин хэвшинж 2 болон таргалалт өвчний үед цусны глюкоз бууруулах, чихрийн шижингийн хүндрэлээс сэргийлэх зорилгоор эмийн бус болон бусад эмийн эмчилгээтэй хавсран, хувь хүний онцлогт тохируулан, эмчийн хяналтанд хэрэглэдэг. OZEMPIC нь Монгол Улсын хүний эмийн бүртгэлд бүртгэгдээгүй тул эмч нар зөвлөдөггүй. Энэ эмийн бэлдмэлтэй ижил үйлдэлтэй манай улсад бүртгэгдсэн бэлдмэл ВИКТОЗА буюу Лираглутид тарилгыг бид эмчилгээнд хэрэглэдэг. Уг эмийн бэлдмэлийг ЖОРООР ОЛГОДОГ тул заавал мэргэжлийн эмчийн бичсэн жороор авч хэрэглэдэг журамтай, нийгмийн сүлжээнд сурталчилж, зарж борлуулах хориотой. Эмчлэх, эм барих эрхгүй хүн, Монгол Улсын хүний эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийн мэдээллийг нийгмийн сүлжээгээр сурталчлах, зарж борлуулах нь эмийн зохистой хэрэглээний эсрэг мөн хүний эрүүл мэндийн эсрэг үйлдэл болно” гэх мэдээллийг өгсөн. 

2017 онд АНУ-ын Хүнс, Эмийн агентлагаас тус тариаг зөвхөн хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн үед хэрэглэх зөвшөөрлийг олгосон (1). Ozempic буюу Семаглутид (эмийн олон улсын нэршил) нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд хэрэв бүртгэгдээгүй эм бэлдмэлийг зарж борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн:

6.6.4.Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага, эм хангамжийн байгууллага:

  • 6.6.4.1.Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл чанарын баталгаажуулалтгүй, эсхүл хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнээр үйлчилсэн;
  • 6.6.4.2.ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор эмчийг эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, үр дүнгээр урамшуулах, түүнтэй адилтгах үйл ажиллагаанд оролцуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.

Нэмэлт мэдээлэл: Чихрийн шижин өвчний үед Ozempic-ийг хэрэглэх үед гарч болзошгүй гаж нөлөө

Тус тарилгын танилцуулга вэбсайтад дараах хамгийн түгээмэл гаж нөлөө нь дурдсан байна. Үүнд:

  • дотор муухайрах, 
  • бөөлжих, 
  • суулгах, 
  • жин хасах 
  • ходоод (хэвлийн) өвдөлт, 
  • өтгөн хатах зэрэг байдаг. 

Харин Ozempic тарилгыг үйлдвэрлэгч Novo Nordisk компаний танилцуулснаар ховор тохиолдолд дараах сөрөг нөлөө дурджээ. 

  • Бамбай булчирхайн С эсийн хавдрын эрсдэл
  • Нойр булчирхайн үрэвсэл
  • Чихрийн шижингийн ретинопатийн хүндрэлүүд
  • Гипогликеми буюу цусан дахь глюкозын дутагдал.
  • Бөөрний цочмог гэмтэл (Бөөрний архаг дутагдал)
  • Хэт мэдрэг байдал
  • Цөсний хүүдийн цочмог өвчин зэрэг гаж нөлөө илрэх боломжтой. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document