2024 оны 2 дугаар сарын 15-ны 01:26 цагт YOGA MED хуудсанд “…шаазан тавгийн найрлагад хар тугалга болон бусад химийн бодисууд орсон бөгөөд энэ нь ургийн гажиг, үргүйдэл, хорт хавдар зэргийг үүсгэдэг. Яагаад Монголд борлуулаад байгаа юм бэ…” гэх агуулгатай, зурагтай пост түгээжээ. Уг посдоо 5 цаг гаруйн дараа буюу 06:51 минутад анх засвар оруулснаас хойш нийт 10 удаа текстийг зассан байна. Ингэхдээ “Монголд борлуулдаг” гэх агуулгыг хасаж, “цайны газруудын хэрэглээ” болгоод, “найрлагад хар тугалга болон бусад химийн бодисууд орсон бөгөөд энэ нь ургийн гажиг, үргүйдэлд хүргэдэг гэж ил тодоор бичсэн” байгаа нь “Том гүрнүүдийн ард иргэдээ хамгаалах бодлого” гэж тодорхойлжээ.
Уг мэдээлэл нь 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 576 реакц, 67 сэтгэгдэл авч, 1500 гаруй удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK:Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Тавгийн шошго дээрх бар код нь АНУ-ын бөөний худалдааных гэсэн байна
- Зураасан кодын эхний 6 оронтой тоо нь тухайн бараа ямар улсын, ямар компанид харьяалагддагийг илэрхийлнэ. Харин дараагийн 5 оронтой тоо нь тухайн барааг илэрхийлнэ.
Бид зураасан кодоор хайлт хийж үзэхэд, энэ бараа нь АНУ-ын Вернон хотод байрлах “Four Seasons General Merchandise” бөөний худалдааны дэлгүүрийн бараа гэж гарч ирлээ.
- Сонирхуулахад, Гаалийн ерөнхий газрын статистик мэдээнээс 2023 онд Монгол Улсад импортолсон хоол унд, гал тогоо, ахуйн ба ариун цэврийн шаазан эдлэлийн тоог харахад нийт 957.9 ширхэг бүтээгдэхүүн оруулж ирсэн байна.
“Prop 65” тэмдэглэгээ ямар учиртай вэ?
Зураг дахь шошго дээр буй “Prop 65” гэсэн тэмдэглэгээ нь “Proposition 65” буюу “аливаа барааны найрлагад хавдар, ургийн гажиг зэрэг үүсгэх эрсдэлтэй ямар нэг химийн бодис багтсан бол уг бараандаа анхааруулах бичиг наасан байх ёстой” гэсэн заалттай АНУ-ын Калифорни мужийн хуулийн дагуу хэрэгжүүлдэг тэмдэглэгээ юм. “Proposition 65”-ын жагсаалтад 900 гаруй химийн бодис багтдаг бөгөөд хамгийн гол онцлох зүйл нь тухайн химийн бодис нь хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй, зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа нөхцөлд хэрэглэгчдийн мэдэх эрхийг хангах үүднээс орц найрлагыг дурдах зохицуулалт юм. Жагсаалт дахь бодисуудын эрсдэлд хүргэхгүй хэмжээ болон зөвшөөрөгдөх дээд хэмжээг эндээс харж болно. Ингэж анхааруулснаар Калифорни мужийн иргэдэд тухайн барааг худалдаж авах эсхүл худалдаж авахгүй байх сонголтыг олгох зорилготой аж.
Харин энэхүү анхааруулга нь тухайн бараа дэлхийн аль нэг улсын аюулгүй байдлын стандарт болон шаардлагыг зөрчсөн гэсэн үг биш болно.
Ямар аяга, тавагт хар тугалга агуулагдсан байж болох вэ?
1971 онд АНУ-ын хүнс, эмийн агентлагаас аяга, таваг болон шавар эдлэлийн найрлагад орох хар тугалганы хэмжээний стандартыг тогтоосон бөгөөд дараах байдлаар энэ хэмжээг улам багасгасаар ирсэн. 1955 оноос өмнө будган бүтээгдэхүүний 50 хүртэлх хувийг хар тугалга эзэлж байсан бол 1971 онд энэ хэмжээг 1%, 1977 онд 0.065%, 2009 оноос эхлэн 0.009% болгон тус тус бууруулжээ.
Дүгнээд хэлбэл, тавгийн шошго дээрх анхааруулга нь тавагт агуулагдаж буй зөвшөөрөгдөх хэмжээнд буй хар тугалга болон бусад химийн бодисууд нь хорт хавдар, ургийн гажиг зэргийг үүсгэх эрсдэлтэйг сануулах зорилготой бөгөөд тухайн тавгийг хэрэглэснээр шууд хорт хавдар, ургийн гажиг зэрэг үүснэ гэсэн үг биш юм.
Анхааруулахад: Хар тугалга агуулсан аяга, тавгийг угаагч машинд хийхгүй байхыг зөвлөж байна. Учир нь угаагч машин нь өндөр температурт халаадаг тул аяга, таваг эмтэрч хар тугалга ил гарах, дараа дараагийн хэрэглэлд наалдах зэрэг эрсдэлтэй гэжээ.