2024 оны 02 дугаар сарын 14-нд Жинхэнэ эрчүүд гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч хэд хэдэн машин цасанд дарагдсан бичлэгийг нийтлэн “Битгий замд гараач ээ! Аймар байна штээ! Бусдадаа анхааруулж share хийгээрэй.” гэж анхааруулсан бичлэгийг түгээжээ. Бичлэгт зарим машин нь цасанд дарагдаж зарим нь цасанд боогдсон байдалтай харагдах ба чухам хаана болсон үйл явдал болохыг тэмдэглээгүй байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Бид бичлэгийн хэсгийг Google хайлтын системд зургаар хайхад гарч ирсэн илэрцээс харахад бичлэгийг 2023 оны 01 дүгээр сарын 17-нд Төвдийн Линжи хотын замын туннелийн ойролцоо цасан нуранги буусан болон Шинжааны Канас гэх газар мөн оны 01 дүгээр сарын 08-нд цасан нуранги буусан тухай жиргээ, мэдээлэл гарч ирж байсан. Үргэлжлүүлэн, дээрх бичлэг хоёр үйл явдлын мэдээлэлд ашиглагдаж байсан ба 2023 оны 01 дүгээр сарын 10-нд нийтлэгдсэн Шинжаан дахь цасан нурангаас үүдсэн ослын талаарх мэдээлэлд дээрх бичлэг ашиглагдаж байжээ.
Энэ үйл явдлын талаар албан байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлж байсан талаар хайхад Хятадын хэд, хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага болон Канас нутгийн захиргаанаас цасан шуурганы анхааруулж байсан байна тухай мэдээлж байсан байна.


2023 оны 01 дүгээр сарын 10-нд нийтлэгдсэн Хятадын Жимю мэдээллийн сувгийн (极目新闻) мэдээлэлд бидний шалгасан бичлэгт гарсан цасан нурангид өртсөн хүмүүсийн бичлэгийг ашигласан бөгөөд дээрх харьцуулалтаас ижил өнцгөөс бичлэг хийснийг харж болохоор байна.
Жимюгийн мэдээлснээр Шинжааны Канас аялал жуулчлалын бүс нутаг болсон цасан нурангийн осолд өртсөн, боогдсон жуулчид бүгд эсэн мэнд аврагдсан бөгөөд хоёр хүн гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлж байжээ.
Хэдийгээр орон даяар цасан шуурга шуурч, онцгой нөхцөл байдал үүсч байгаа ч Монголд болоогүй үйл явдлын бичлэгийг ашиглан төөрөгдүүлэх, хандалт авах зорилгоор түгээж байгаа тул мэдээллийн эх сурвалжид сэрэмжтэй хандах нь зүйтэй юм.