Шар мөрөн ба Бохай тэнгисийн уулзварыг буруу тайлбарлан түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #864

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Атлантийн далай ба Номхон далайн уулзвар гэх тайлбартай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус бичлэг нь Хятадын Шар мөрөн болон Бохай тэнгисийн уулзварыг харуулсан.

2024 оны 02 сарын 05-нд  Гантулгын Буянбаатар гэх хаягтай фейсбүүк хэрэглэгч “Атлантын далай, Номхон далайн уулзвар” гэх тайлбартай 13 секундийн урттай бичлэг тавьжээ. Тухайн бичлэгт хуруу шил барьсан хүний гар харагдах ба хуруу шилэнд далайн усыг хийн, сэгсэрч буй харагдана. Сэгсэрсний дараа бор шаргал тунадас үүсэж харагдана. Энэхүү бичлэг нь 02 дугаар сарын 16-ны байдлаар сая гаруй хүнд хүрч, 5.1 мянган реакц, 95 сэтгэгдэл авч, 641 удаа цааш түгээгдсэн байна.

Бид Google хайлтын системд бичлэгийн хэсгийг зургаар хайхад ижил дүрс агуулсан бичлэгүүд илэрцээр гарч ирж байсан. Үргэлжлүүлэн, хайлтын илэрцүүдэд үндэслэн “Yellow river meets Bohai sea” гэсэн түлхүүр үгээр хайхад Хятадын Шар мөрөн болон Бохай тэнгисийн уулзварын тухай бичлэгийг China Daily, South China Morning Post зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд тэнгисийн уулзварын бичлэгийг нийтэлж байсныг олсон.

Бичлэг дээрх далайн усны өнгийг харвал нэг тал нь хүрэн харин нөгөө тал нь ногоон туяатай харагдаж байна. 

Дээрх бичлэг болон зургаас ижил уулзварыг харуулсныг харж болох ба зөвхөн жилийн 07 дугаар сараас 10 дугаар сарын хооронд Шар мөрний шавартай ус Бохай тэнгист цутгаж буй дээрх үзэгдлийг харж болохыг South China Morning Post тайлбарласан байна. 

Мөн бичлэг эхлэхэд цагаан дарвуулт завь харагдах бөгөөд үүнд нэгэн улсын туг байгаа харагдана.

Бичлэгээс ажиглахад туг нь баруун дээд талдаа тэмдэгтэй байгаа болон дээр тайлбарласан Бохай тэнгисийн байрлалыг харгалзвал энэ нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын туг байхаар байна.

Бид далайг тус тусад нь ангилж, нэрлэсэн боловч угтаа тэдгээрийн хооронд ямар ч хил хязгаар байдаггүй хэмээн BBC Science Focus хэмээх шинжлэх ухааны мэдээлэлдээ тайлбарласан байна. 

Тодруулбал, далайн ус нь агууламжийн бүрэлдэхүүн, хэмжээнээсээ ялангуяа давсны хэмжээнээс хамаарч янз бүрийн хугацаанд хоорондоо уусдаг байна. Харин давстай ус өөртөө агуулагдах эрдэс бодисын улмаас цэнгэг уснаас илүү нягт (нэгжийн эзлэхүүн дэх усны жин) ихтэй байдаг. Үүнээс шалтгаалан хоёр өөр нягтралтай ус нийлэх үед нягт ихтэй буюу давслаг ус доошоо тунаж, нягт багатай буюу цэнгэг ус дээшээ хөвдөг. Энэ нь диффузлэгдэх үйл явц юм. Өөрөөр хэлбэл тухайн ус нягтрал ихтэй хэсгээсээ нягтрал багатай хэсэг рүү шилжих үзэгдлийг хэлдэг байна. Үүнээс үүдэн бидэнд  хил зааг харагддаг. Гэхдээ уусах үйл явц удаан үргэлжлэх бөгөөд салхины чиг, давлагаа зэрэг гадаад хүчин зүйлээс хамааран хурдан, удаан явагддаг байна.

Дараах бичлэгт далайн ус болон цэнгэг ус хоорондоо хэрхэн холилддог талаар тайлбарласан байна.

Дүгнээд хэлбэл бидний шалгасан Атлантын далай ба Номхон далайн уулзвар гэх тайлбартай бичлэг нь үнэндээ Шар тэнгис Бохай далайд цутгасан үйл явдлыг харуулж буй бичлэг юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document