NASA далай тэнгис судлахаа зогсоогоогүй бөгөөд 2021 онд хөлөг онгоц турших зорилгоор далайд дэлбэрэлт хийсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #861

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

NASA 1958 онд далайг судалж эхлээд, 1978 онд далайг судлахаа зогсоосон, 2021 онд далайд хүчтэй дэлбэрэлт хийсэн нь NASA ямар нэг юм олж мэдсэн, тэрнээсээ айсан хэмээн бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

NASA далайг судлахаа одоог хүртэл зогсоогоогүй бөгөөд 2021 онд хийсэн дэлбэрэлт бол хөлөг онгоцыг туршсан явдал юм.

2024 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр “ХАРЬ ГАРИГ Сонирхогчид” пэйжид NASA-гийн тухай “далайг судлахаа зогсоосон ба биднийг дэлхийгээс гаргахаар ажиллаж байна” гэх агуулгатай бичлэг оруулсныг 02 дугаар сарын 14-ний байдлаар 3.4 мянган реакц, 365 сэтгэгдлээр идэвхжүүлж, 204 удаа цааш түгээсэн байна. Энэ нь шинжлэх ухаан, сансар судлал зэргийг сонирхогчид цөөнгүйг харуулж байгаа бөгөөд, энэ сэдвээр төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж хандалт авах нэг хэлбэр тул дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

NASA-г далайг судлах зорилгоор байгуулсан гэх баримт байхгүй

NASA нь National Aeronautics and Space Administration буюу АНУ-ын засгийн газрын бие даасан агаарын болон сансар судлалын агентлаг юм.

Хүйтэн дайны үеэр ЗХУ-ын сансар судлалын амжилтад (дэлхийн анхны хиймэл дагуул болох ЗХУ-ын “Спутник-1”) хариу барихын тулд АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр 1958 оны 7 дугаар сарын 29-нд Үндэсний Агаарын болон Сансарын акт дээр гарын үсэг зурснаар NASA-г байгуулсан.

Ингэхдээ, агаар мандал болон сансарт болж буй үзэгдлийн талаарх хүн төрөлхтний мэдлэгийг тэлэх, агаарын болон сансрын хөлгүүдийн ашиглалт, аюулгүй байдал, хурд, үзүүлэлт зэргийг сайжруулах, тухайн хөлгүүдийн тоног төхөөрөмж, хэрэгсэл хэрэглүүр, амьд биетийг тээвэрлэх ажиллагаа болон хөгжил дэвшилд нь анхаарах зэрэг зорилгоор байгуулжээ.

  • Хэдийгээр эдгээр зорилго нь NASA-гийн түүхэнд бага, багаар өөрчлөгдсөн ч “NASA анх далайг судлах зорилготойгоор байгуулагдсан” гэх баримт байхгүй байна.

1978 онд NASA далайг судлахаа больсон уу?

NASA яагаад далайг судалдаг талаар далай судлалын вэбсайт дээрээ “NASA-гийн эрхэм зорилгуудын нэг бол дэлхийн хүрээлэн буй орчин дахь байгалийн болон хүн төрөлхтний нөлөөг судлах явдал юм. Далай нь дэлхийн цаг агаар болон цаг уурын өөрчлөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг юм” гэж тайлбарласан байна.

1978 онд NASA далайг судлахаа больсон биш, харин эсрэгээрээ, 1978 онд далай судлалын анхны хиймэл дагуул “Seasat”-аа хөөргөж сансраас далайг судалж эхэлжээ.

Тэрээр:

  • 2021 оны 12 дугаар сард SWOT (Surface Water and Ocean Topography) буюу гадаргуун ус болон далайн гадаргуу төслийн хэрэгжүүлэлтийг харуулсан 150 минутын видеог толилуулсан. Уг төслийн зорилго нь:
    • дэлхийн гадаргуу дээрх бүхий л усыг судлах
    • цаг хугацааны явцад усны түвшин хэрхэн дээшилж, доошилж байгааг харуулах
    • 1 сая гаруй гол мөрөн, нууран дээр одоогийн ашиглаж буй технологиос 10 дахин илүү нарийвчлалтайгаар хэмжилт хийх
  • 2022 оны 1 дүгээр сард BBC “Яагаад NASA дэлхий дээрх далайн гүнийг судлах болов” талаар мэдээлсэн.
  • 2024 онд NASA дэлхийн далайг илүү дэлгэрэнгүй судлахаар сансарт одон орны телескоп хөөргөхөөр төлөвлөсөн зэргийг үзвэл NASA далайг судалсан хэвээр байгааг харуулж байна.

2021 онд далайд хүчтэй дэлбэрэлт хийсэн нь ямар учиртай байсан бэ?

2021 оны 06 дугаар сард АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин “USS Gerald R. Ford” хэмээх нэртэй хамгийн шинэ, дэвшилтэт технологиор бүтээгдсэн онгоц тээвэрлэгч далайн хөлөг дээр туршилт хийжээ.

Туршилтад 40,000 пунд (18.1 тонн) тэсрэх бодис ашигласан бөгөөд АНУ-ын геологийн шинжилгээний газрын мэдээлснээр 3.9 магнитудын хүчтэй дэлбэрэлт болжээ.

Туршилт нь энэхүү далайн хөлгийн ойр тойронд хүчтэй дэлбэрэлт хийж, тухайн хөлөг нь дайнд бэлэн эсэхийг шалгасан байна. 

Дүгнээд хэлбэл, энэ бичлэг нь үйл явдлуудын оныг хэвээр үлдээн агуулгыг нь өөрчлөн, гуйвуулсан ташаа мэдээлэл байна. Иймээс мэдээлэл авахдаа дор хаяж өөр нэг эх сурвалжаас нягталж байх нь зүйтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document