Монголчуудын хамгийн их итгэдэг хүмүүс болон хамгийн бага итгэдэг хүмүүс гэсэн график зураг бүхий мэдээлэл түгжээ. Үүнд хамгийн их итгэдэг хүмүүс хэмээн лам, бөө, бөх, уяач, дуучин, жүжигчин нарыг жагсаасан бол хамгийн бага итгэдэг хүмүүсээр эмч, эрдэмтэд, улс төрч нарыг жагсаажээ.
Бид энэхүү график зургийн эх хувилбарыг олсон бөгөөд дээр тайлбарласан зураг нь тус эх хувилбарыг өөрчлөн гуйвуулсан болохыг тогтоосон.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Тус зурагт ашигласан судалгааны эх хувилбар нь зах зээлийн судалгаа хийдэг Ipsos группийн 2021 онд хийсэн “Дэлхийн итгэлцлийн индекс 2021” судалгаа юм. Уг судалгаанд олон улсын түвшинд хамгийн их итгэдэг хүмүүс нь эмч, эрдэмтэд, бол хамгийн бага итгэдэг хүмүүст засгийн газрын сайдууд болон улс төрчид гэж харуулсан байдаг ба энэ судалгааны үр дүнг Statista-д график болгон нийтэлж байсан байна. Гэвч бидний шалгасан зурагт эх хувилбарын гарчгийг өөрчилж “монголчуудын хамгийн их итгэдэг хүмүүс нь лам бөө бол хамгийн бага итгэдэг хүмүүс нь эмч эрдэмтэд” гэх агуулгыг нэмж засварлан боловч итгэлцлийн хувийг өөрчлөөгүй болохыг доорх харьцуулалтаас харж болно.
Өөрөөр хэлбэл дээрх үр дүнг үзүүлсэн “монголчуудын хамгийн их итгэдэг болон хамгийн бага итгэдэг хүмүүс” гэх судалгаа хийсэн баримт байхгүй бөгөөд олон улсын түвшинд хийгдсэн судалгааны үр дүнгийн графикийг гуйвуулан өөрчилсөн болохыг харж болохоор байна.