2024 оны 01 дүгээр сарын 30-нд Vaguely perfectly нэртэй пэйжид “5000000 MNT + 150FS” гэх тайлбартай бичлэгийг байршуулжээ. Хөтлөгчийн сарын орлогыг асуусан асуултад оролцогчид 10 сая, 7 сая, 15 сая гэх зэргээр хариулсны дараа Sweet Bonanza гэх тоглоомын сурталчилгааг явуулж, Монгол Банкнаас таны дансанд мөнгө орсон гэх мэдэгдэл утсанд ирж байгааг дүрсэлсэн байна. Бичлэгийн хандалт 02 дугаар сарын 01-ны байдлаар 390 реакц, 53 сэтгэгдэл, 236 шэйртэй байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Мэдээллийг тараасан Vaguely Perfectly гэх хуудас нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нээгдсэн. Нийт 128 дагагчтай ба пэйжийн танилцуулга хэсгийг бөглөөгүй үл мэдэгдэх этгээд байна.
Нүдээр харахад л ярилцагчдын амны хайрцаг зөрөх, хоолой таарахгүй байх, гадаад аялгаар ярих зэрэг нь ард хоолой уншуулсан шинж тэмдэг. Энэ бичлэгт өөр хоолой уншуулсан нь илэрхий мэдэгдэж байгаа ч зарим үед яг жинхэнэ мэт хоолой таарах үе бий. Гэсэн ч үйлдэлд уриалсан зар сурталчилгаанд ашиглагдсан эх бичлэгийг тулгаж харах нь зүйтэй.
Бичлэгийн эхэнд буй хөтлөгч, оролцогчтой хэсгийн дүрсийг Google Reverse image search хэрэглүүрээр хайхад TOMOKO’s Stomach нэртэй Youtube хаягт 2023 оны 03 дугаар сарын 20-нд байршуулсан “Томоког хотын гудамжинд таньдаг хүн байна уу?” гэх гарчигтай бичлэгийн илэрц гарч ирлээ.
Шалгаж буй мэдээлэлд гарч буй оролцогчдын ярьсан яриаг эх бичлэгээс шалгахад сарын орлогын тухай яриагүй байна. Хавсаргасан бичлэгийн 00:35, 01:49, 03:59 зураг минутанд оролцогчдоос “Намайг таних уу? Намйг Томко гэдэг. Японы талаар мэдэх үү?” асууж байгааг үзэж болно.
Мөн бичлэгийн хэсэгт Монголбанкны мэдэгдэл ирж байгаа нь ч алдаатай байна. Учир нь Монголбанк нь арилжааны банк биш, өөрийн аппликейшн байхгүй, зөвхөн вэбсайтаар нь л хандах боломжтой.
Бусдын дүрс бичлэгийг ашиглаж, өөрчилж мобайл тоглоом, аппуудыг ашиглан амархан аргаар их хэмжээний мөнгө хожих боломжтой мэт дүрсэлж байгаа эн төрлийн мэдээлэл илэрхий худал мэт харагдаж байсан ч цааш нь түгээж бусдад түгээх хэрэггүй. Энэ нь санаатай худал мэдээлэл тарааж буй этгээдийн хандалтыг л нэмж буй хэрэг учраас энэ төрлийн зар сурталчилгааг репорт хийж заншаарай.