2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр ӨвөрМонгол News гэх хуудаст “ИРГЭНИЙ ПОСТ: Үхрийн махыг 6-8 цаг, хонины махыг 8-9 цаг чанаж иднэ гэнэ шүү!!!! Бид махаа түүхийгээр нь идээд байдаг юм байнашд .Ямарч хоол хийсэн буцлангуут нь эхний шөлийг асгаад дахин ус хийж буцалснаас хойш 8-9 цаг гэжугаа🤣 Энэ хоол зүйч гэнэ. Махаа 8-9 цаг чанасан тохиолдолд хоолны шөл маш чанарлаг, жинэхэн коллаген, кальци эрдэсээр баялаг болдог гэж ярьж байна. Миний бодлоор мах тушенка болохоос гадна махны шөл уух эцэсгүй болно. Бас байрны хүмүүсийн тогны мөнгө нэлээд гарах байх. Бас түгжрэлд оройтож гэртээ ирсэн хүмүүс шөнөжин махаа чанасаар өглөө хоолоо идээд ажилдаа явах бололтой юм шиг байгаа юм ” гэх мэдээллийг түгээсэн бөгөөд энэ нь 387 хандалт, 92 сэтгэгдэл авч, 193 удаа цааш түгээгджээ. Мөн Bilguun Bitt болон Newszone.mn гэх хаягаар адил мэдээллийг түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Тус мэдээлэлд хавсаргасан зураг нь Mongol HD телевизийн “Өнөө Өглөө” хөтөлбөрийн зураг байна. Хоол зүйч З. Маргарита нэгдүгээр сарын 31-ний өдөр өөрийн албан ёсны хуудастаа “Ясны шөлний тухай буюу BONE BROTH-н ашиг тусын тухай ярьж байсан..” “Ясны шөл буюу BONE BROTH хийх аргачлал байдаг (4-24 цаг буцалгадаг)” хэмээн оруулжээ.
100 гр ясны шөлөнд:
- Илчлэг- 33 ккал
- Уураг 4.17 гр
- Нийт липид (өөх) 0.21г
- Нүүрс ус, зөрүүгээр 2.08 гр
- Төмөр, 0.15 мг
- Натри, 188 мг агуулагддаг.
Амьтны ясыг 12 цаг гаруй буцалгах нь яснаас коллаген буюу аргинин, глутамат, гидроксилизин, гидроксипролин, пролин, глицин зэрэг тусгай амин хүчлийг агуулсан уураг ялгаж авахад тусалдаг хэмээн Forbes сэтгүүлийн эрүүл мэндийн сайтад дурджээ.
Ясны шөлийг 4-24 цаг буцалгаж гаргаж авдаг. (Medical News Today, Healthline, Health.com) Ясны чөмөг нь А, В витамин, цайр, төмөр, кальци, селен зэрэг эрдэс бодисоор хангадаг. Эдгээр бүх хэсгүүд нь коллаген уураг агуулдаг бөгөөд чанах үед желатин болж, хэд хэдэн чухал амин хүчлийг үүсгэдэг.
Ясны шөл нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, ясны эрүүл мэндэд ач холбогдолтой шим тэжээл агуулдаг, тархины үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй бөгөөд нойрыг сайжруулахад тусалдаг байна. Мөн шөлөнд агуулагдах глюкозамин ба хондроитин нь үе мөчний эрүүл мэндийг сайжруулж, остеоартритын шинж тэмдгийг бууруулахад тусалдаг ажээ.
Ясанд үлдсэн мах, өөх тос, цусны үлдэгдэлийг арилгахын тулд нэрмэл усанд 50°C-т 15 минут байлгаад, усыг нь асгаж дахин буцалгадаг байна. Адууны ясыг 100 ° C-т 30 минут чанаад усыг нь асгана.
Харин үхрийн махыг ялз болгохын тулд 2-3 цаг чанах бол хонины махыг цаг хагасаас 2 цаг хүртэл чанаж болгоно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зөвлөмжийн гуравдугаарт түүхий махыг 70-аас дээш хэмд махны шүүс гарахгүй болтол нь гүйцэд чанаж хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөсөн байдаг. (Монгол хэлээр)