2024 оны 01 дүгээр сарын 14-нд Хошин шог 2022 нэртэй пэйжид “Хөвсгөл далайд ийм онгоц хийсэн байна” гэх бичвэр бүхий бичлэгийг байршуулж 01 дүгээр сарын 23-ны байдлаар 8.5 мянган реакц, 527 сэтгэгдэл авч, 342 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хэрэв Хөвсгөл аймагт бичлэгт дурдаж буй мөсөн баримал сүндэрлэсэн бол хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар нэг байдлаар сурвалжилсан байх магадлалтай. Гэтэл “Хөвсгөл аймаг”, “Мөсөн онгоц” зэрэг түлхүүр үгээр хайхад ямарваа нэг холбогдох мэдээлэл олдсонгүй. Энэ нөхцөлд бид түлхүүр үгээр бус өөр аргаар мэдээлэл хайх хэрэгтэй болно.
1. Зургаар хайх
Бичлэгийг зогсоож онгоцны хэсгийг Google Reverse image search хэрэглүүрээр хайхад тус бичлэгийг DiscoveringChina нэртэй X хаягт “Гайхалтай, Харбин хотын Цас мөсний ертөнц 2023-2024 наадамд мөсөөр онгоц урлажээ” гэсэн тайлбартайгаар 01 дүгээр сарын 12-нд байршуулсан байна.
Х хаягийн дурдсан БНХАУ-ын Харбин хотын Цас мөсний ертөнцийг цахим орчинд танилцуулах зорилгоор 01 дүгээр сарын 04-нд CGTN агентлаг 50 минут орчмын шууд дамжуулалт хийжээ.
Тус дамжуулалтын үеэр шалгаж буй мэдээлэлд дурдсан мөсөн баримал харагдсангүй. Маш том хэмжээний ийм бүтээл Цас, мөсний ертөнцийг тал бүрээс нь харуулсан шууд дамжуулалтын дуранд өртөхгүй байна гэдэг хачирхалтай. Иймд бид “Харбин” + “Мөсөн онгоц” гэх түлхүүр үгээр холбогдох мэдээллийг хайж үзлээ.
Гэтэл АНУ-ын Newsweek агентлаг 2024 оны 01 дүгээр сарын 11-нд сонирхолтой мэдээ байршуулжээ. Мэдээний гарчиг нь “Хятадын төрийн албаныхны анхааруулж буйгаар мөсөн хөлөг онгоцны зураг нь хиймэл оюунаар бүтээгдсэн”. Мэдээнд:
“Цахим сүлжээнд Харбинд гэх үлэмж том мөсөн хөлөг онгоцны зураг тархаад байна. Хүмүүс өнгөц хараад зурагт огт эргэлзэхгүйгээр түгээж байгаа юм. Харбин үлэмж талбайг хамарч мөсөн байгууламж сүндэрлүүлдэг учраас үнэхээр тэнд байж болох магадлалтай. Гэхдээ зарим нэг иргэд сониучирхан харьяа төрийн байгууллагууд руу залгаж тодруулжээ. Үүний дараагаар Харбин хотын захирагчийн албаны төлөөлөгч “Зураг хиймэл оюунаар бүтээгдсэн” болохыг зарлалаа” гэсэн байна.
Бидний шалгаж буй мэдээлэлд нисэх онгоцны, Newsweek агентлагийн дамжуулсан мэдээнд хөлөг онгоц гэж дурдсан байна. Мэдээж ялгаатай. Гэхдээ энэ мэдээллээс шалгаж буй зураг маань ч хиймэл оюунаар бүтээгдсэн байх магадлалтай гэсэн сэжим ургаж гарж ирнэ.
Бид бичлэгийн дүрсийг хиймэл оюунаар бүтээсэн зураг шалгах Isitai.com сайтад оруулж шалгалаа.
Бичлэгт харагдаж буй хөлөг онгоцны зургийг хиймэл оюунаар бүтээсэн байх магадлал 88.14%, 73.38% гэж гаржээ. Иймд бидний шалгаж буй энэ зураг Монголын Хөвсгөл, Хятадын Харбинын алинд нь ч биш хиймэл оюунаар бүтээгдсэн болж таарах нь.