Автомашины дугаарын хязгаарлалтын тэгш, сондгойгоор зохицуулах шийдвэр энэ оны 01 дүгээр сард буюу өнөөдөр дуусч буйтай холбоотойгоор 14 цаг 40 минутын орчимд “Автомашины дугаарын хязгаарлалтын тэгш, сондгойг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ” гэх мэдээлэл түгээд байна (энд, энд бас энд).
Бид албаны эх сурвалжуудын болон шийдвэртэй холбоотой нээлттэй мэдээллийг нягтлахад тэгш, сондгойгоор автомашины хөдөлгөөнийг зохицуулах шийдвэр үргэлжлүүлэх болсон захирамж 18:00 цагийн байдлаар гараагүй байна.
2023 оны 12 дугаар сарын 18-наас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу автомашины хөдөлгөөнийг зохицуулах болсон. Энэ захирамжийн хүчинтэй хугацаа дуусч буйтай холбогдуулан хотын захиргаанаас vote.ulaanbaatar.mn вэбсайтаар дамжуулан шийдвэрийг сунгах эсэх талаар 01 дүгээр сарын 29-нд санал асуулга эхлүүлэн, 31-нд буюу өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжлэхээр болсон байна.
2023 оны 01 дүгээр сарын 31-ний 16:04 минутын байдлаар буюу санал асуулга дуусахаар 1 цаг орчмын өмнө санал асуулгын дүнг харахад оролцогчдын олонх нь (55%) шийдвэрийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Тэгш, сондгойгоор хөдөлгөөн оролцуулах шийдвэрийг сунгах санал асуулга,
(2023 оны 01 дүгээр сарын 31-ний 16:04 минутын байдлаар)
Нийслэлийн захирагчийн албаны вэбсайтад энэ шийдвэрийг сунгах тухай захирамж гараагүй байгаа ба бид автомашины хөдөлгөөний зохицуулалтын мэдээлэлтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугартай утсаар холбогдоход “Энэ шийдвэр гараагүй. Санал асуулгын үр дүнг хүлээж байгаа.” хэмээн хариу мэдэгдсэн.
Түүнчлэн бид Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны утсаар холбогдон тэгш, сондгойгоор зохицуулах шийдвэр гарсан эсэх талаар тодруулахад “Манай дээр тийм шийдвэр гараагүй. Нийслэлээс бие даан шийдвэрлэнэ.” хэмээн хариу мэдэгдсэн.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9.5-р зүйлд Нийслэлийн Засаг дарга харъяа нутаг дэвсгэртээ замын хөдөлгөөний зохицуулалтын захирамж гаргах тухай заасан байдаг ба тус зүйлд зааснаар “Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний акт гаргаж болно.” гэсэн байна. Мөн ижил агуулгатай хуулийн заалт Авто замын тухай хуулийн 12.1.8-д Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд “харьяа нутаг дэвсгэртээ авто замын хөдөлгөөнийг зохих хууль, журмын дагуу зохион байгуулах, зохицуулах” тухай заасан байдаг байна.
Одоогийн байдлаар Нийслэлийн Засаг даргаас тэгш, сондгойгоор автомашины хөдөлгөөнд оролцуулах захирамжийг сунгасан шийдвэр гараагүй байна.