2024 оны 01 дүгээр сарын 29-нд DMNN нэртэй пэйжид “Сэрэмжлүүлэг: Халдвар авч нас барсан тохиолдлууд бүртгэгджээ” гэх тайлбартай бичлэгийг байршуулж 120 реакц, 6 сэтгэгдэл авч, нийт 29 мянган үзэлттэй байна. Бичлэгт дэлгүүрийн лангуун дээр тавьсан лаазтай кола ундааны дээрээс шууд, хувцсанд арчсаны дараа, хуурай цаасаар арчсаны дараа, этанол спиртээр арчсаны дараа зэрэг 4 төрлийн дээж авахад эхний хоёр дээжээс нян, мөөгөнцөр илэрсэн бол сүүлийн 2 төрлөөс илрэхгүй байгааг харуулжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Тус бичлэгийн дүрсийг Google Reverse image search хэрэглүүрээр хайхад цахим сүлжээнд анх байршуулсан эх сурвалж нь @anonimo_jones хаягтай X-ийн хэрэглэгч байна. Бичлэгийг 2023 оны 11 дүгээр сарын 21-нд байршуулахдаа тайлбарт нь “Энд оруулчихаад сэмхэн зугтлаа” гэж бичжээ.
Лаазтай ундаа ууснаас болж нас барсан гэх агуулгатай мэдээ цахим сүлжээн дэх эх сурвалжуудад байсангүй. 2023 оны 04 дүгээр сарын 26-нд Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Africa Check баримт шалгах төв цахим хэрэглэгчдийн хоорондоо түгээх болсон “Лаазтай ундааны дээд талд хархны шээс байдаг. Харх нь үхлийн аюултай Лептоспироз өвчин тараагч” гэх мэдээлэлд дараах байдлаар баримт шалгалт хийжээ.
Харх лептоспироз өвчин тараадаг гэх баримтууд бий. Хүн лептоспира нянгаар халдварласан хулгана, хархны шээс, биеийн шингэнтэй хүрэлцэх үед халдвар авах боломжтой. Гэхдээ энэ нян нь чийглэг, нойтон орчинд амьдардаг. Амьдарч байсан шингэн нь хатах үед нян үхнэ. Тийм учраас лаазны орой хуурай тохиолдолд лептоспира нян байхгүй гэж ойлгож болно. Бас хулгана болгон лептоспира тээдэггүй. Энэтхэгийн Миробиологийн сэтгүүлийн 2009 оны дугаарт “Лептоспира нянгаар өвчилсөн хулганы шээс их хэмжээгээр хуримтлагдаж, хатаж дагтаршсан тохиолдолд нян агуулсаар байх боломж бий. Гэхдээ энэ боломж маш бага. Тухайн ундааг задалсан хойно дотор нь нян агуулсан шингэн, чийглэг хөрс ороод лептоспирад өртөнө гэвэл арай илүү магадлал өндөр болно” гэсэн байна.
Гэхдээ бидний эргэн тойронд зөвхөн лептоспира нянгаас гадна олон төрлийн нян, мөөгөнцөр зэрэгцэн оршдог. Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарсан лаазтай ундаа ууж халдвар авсан, нас барсан гэх мэдээ байхгүй байгаа ч тэд эрүүл ахуй талаасаа ямар нөлөөтэйг мэргэжилтнүүдээс тодруулжээ.
Канадын Global News агентлаг
“The Germ Files номын зохиолч, микробиологич Жэйсон Тэтрогоос тодрууллаа. Түүний хэлж буйгаар лаазны орой дээр байгаа нян бидний эргэн тойрон хаа сайгүй л байгаа. Ундааны лаазан дээр байгаа нян ихэнх тохиолдолд хүн өвтгөөд байх нь ховор. Хүн гадаад орчинд байгаа нянгуудаас аль хэдийнээ дархлаа тогтоочихсон байдаг”
АНУ-ын CBS News агентлаг
“Main Line Health төвийн Өвчнөөс урьдчилан сэргийлэх байгууллагын захирал Конни Катлерийн хэлж буйгаар “Ундааны лаазан дээр байгаа нян, мөөгөнцөр дархлаа султай хүмүүст л аюултай болов уу. Хүрээлэн буй орчинд нийтэл нянгуудаас бид аль хэдий нь дархлаатай болчихсон байдаг. Иймд бага хэмжээний нян байлаа гэхэд бидний бие махбодь тэсвэрлэчихнэ. Мэдээж нүдэнд үзэгдэх хог, тунадас дээр нь байвал бид арчиж л таараа. Гэхдээ л та нянгаас айдаг бол лаазныхаа дээд талыг сайтар арчаад л хэрэглэчих” гэсэн байна.
Бид ч мөн адил салбарын мэргэжилтнээс энэ талаар тодрууллаа.
Энэ бичлэгээс “Нян хаа сайгүй” байдаг гэх дүгнэлт л хийж болно. Бичлэгт гарч байгаа туршилтын дараа нян, мөөгөнцөр харагдаж байна. Гэхдээ эдгээрийг яг халдварт өвчин үүсгэгч гэж бичлэгээс тогтоох боломжгүй байна. Савны төмөр гадаргуу нян үржих тааламжтай орчин биш. Дээрх бичлэгт наалдсан бичил биетнийг тэдний ургаж болох тааламжтай тэжээл, дулааны нөхцөлийг бүрдүүлж мөн тодорхой хугацаагаар уг таатай нөхцөлд нь байлгасан тохиолдолд л ургаж байгаа нь тодорхой. Хүмүүс хоорондоо гар барих, амьсгалах, элдэв гадаргууд хүрэх үедээ ч зарим бичил биетнийг биедээ наалдуулж, уушгиндаа оруулж байдаг. Гэвч бидэнд анхдагч болон олдмол дархлаа гэж байдаг учраас тэднийг хязгаарлаж чаддаг. Бүх бичил биетэн өвчин үүсгэгч биш юм. Гэвч тодорхой нөхцөлд зарим нь асуудал үүсгэгч болох боломжтой. Хүрээлэн байгаа орчноос байгалийн жамаар биед бичил биетэн орж ирснээр дархлааны систем тэдгээрийн эсрэг өөрийгөө хөгжүүлж эсэргүүцэж, тэнцвэрийг хангахад суралцдаг. Дархлаа үүссэн бол уг бичил биетэн шууд аюул үүсгэхгүй. Зарим бичил биетэн байхгүй байгаагаас болж ч мөн бие организмд эрүүл мэндийн асуудал үүсдэг. Ямартай ч зүгээр л нян байгаа гэдэг нь хүний биед шууд хор хөнөөлтэй гэж үзэх үндэслэл биш. Харин гадаргуу ямар нэг өвчин үүсгэгчээр бохирдоогүй гэж мөн батлах боломжгүй учраас тухайн гадаргууг цэвэрлэсний дараа ашиглах нь эрсдэлийг бууруулах нь ойлгомжтой.
МУИС-ийн Биологийн тэнхимийн доктор, дэд профессор Д.Лхагвасүрэн