Хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын талаар төөрөгдүүлсэн тайлбар хийжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #843

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Дэлхийн хэн удирддаг вэ?” гэсэн гарчигтай богино бичлэгийг нийтлэн дэлхийн хамгийн нөлөө бүхий компаниудын олонхийг Blackrock, Vanguard, State Street гэсэн гурван компани эзэмшдэг тухай ярьжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ковид-19, хөрөнгө оруулалтын компаниудын хуйвалдаан, эзэмшлийн талаар хуурамч мэдээлэл нь итгэмээр түүхийг өгүүлж буй мэт боловч үүнд үнэн мэдээлэл хомс байгааг баримт шалгалтаас дэлгэрүүлж уншаарай.

Инстаграм дахь ‘@odkothegoat’ гэх хаягтай хэрэглэгч “Дэлхийн хэн удирддаг вэ?” гэсэн гарчигтай богино бичлэгийг нийтлэн дэлхийн хамгийн нөлөө бүхий компаниудын олонхийг Blackrock, Vanguard, State Street гэсэн гурван компани эзэмшдэг тухай ярьжээ. Түүнчлэн үргэлжлүүлэн ковид-19 вирусын эсрэг вакцины талаарх батлагдаагүй мэдээллийг түгээсэн байна. Тус бичлэгт тайлбарласнаар “…Blackrock, Vanguard, State Street гэсэн гурван компани гурвуулаа хөрөнгө оруулалтын компани…дэлхийн хамгийн нөлөө бүхий 500 компанийн нийт 88 хувийг хөрөнгө оруулалт хийгээд юутай хийтэй нь эзэмшдэг гурван компани байгаа. 88 хувь гэдэг нь хэр хэмжээний их мөнгө вэ гэхлээр  430 триллион доллар… Хамгийн аймар нь коронагийн бүх вариантууд нь Японы эрдэмтдийн тогтоосноор бүгдээрээ лабораторид хийгдсэн нь тогтоогдсон. Pfizer гэдэг компани Blackrock-н компани. Ах нар онгоцны компаниудын хөрөнгө оруулагчид. Шууд өөрсдөө [өвчнөө] гаргаснаа араас нь Пфайзер гээд вакцин шахсанаа медиагаар бүтэн сэвэлт хийж байснаа манай вакциныг хэрэглэхгүй бол онгоцонд суулгахгүй гэсэн…” хэмээн энэ гурван хөрөнгө оруулалт компани дэлхийн томоохон компаниудыг эзэмшиж ковидын вирус, вакциныг хүмүүст шахсан гэх мэтээр ярьжээ.

Эдгээр хөрөнгө оруулалтын компаниуд томоохон компаниудыг эзэмшдэггүй

Хэдийгээр эдгээр гурван компани нь дэлхийн хөрөнгө оруулалтын менежментийн тэргүүлэх гурван компанид тооцогддог ч “дэлхийн хамгийн нөлөө бүхий 500 компанийн 88 хувийг эзэмшдэг эсвэл 430 триллион орчим ам.доллар бүхий хөрөнгө эзэмшдэг” гэх нь худал юм. Түүнчлэн Blackrock компани Пфайзер компанийг эзэмшиж удирддаггүй бөгөөд дээрх бидний шалгасан мэдээлэл дэх Blackrock компанийн эзэмшил болон вакцинтай холбоотой мэдээлэл нь бодит байдалд суурилаагүй төөрөгдөл юм.

Шалгасан бичлэгт мэдээллийн ямар нэг эх сурвалж, баталгааг дурдаагүй бөгөөд албан болон хөндлөнгийн эх сурвалжууд дээрх мэдээллийг үгүйсгэж байгааг бидний баримт шалгалтаас харж болохоор байна.

Нэгдүгээрт, дээр дурдсан гурван компанийн нийт эзэмшил хөрөнгө 430 триллион ам.доллар  хүрэхгүй бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд дурдсанаар Blackrock 9.6 триллион ам.доллар, Vanguard 8.5 триллион ам.доллар, State Street 3.5 триллион ам.доллар орчим буюу нийт 21.6 орчим триллион ам.доллараар үнэлэгдэх хөрөнгийг зохицуулж байна.

Хэдийгээр 2017 онд нийтлэгдсэн Жан Фихтнер нарын судалгаанд дээрх гурван хөрөнгө оруулалтын компани ‘Standard & Poor’ индексийн 500 компани буюу нээлттэй хувьцаагаа арилжиж буй хамгийн том 500 компанийн 88 хувьд хамгийн том хөрөнгө оруулагчид хэмээн дүгнэж байсан ч эдгээр хөрөнгө оруулалтын компаниуд нь хувьцаа эзэмшдэг компаниудаа шууд удирддаг гэсэн үг биш юм. Эдгээр компани нь хөрөнгө оруулалтын менежментийн компани учир олон компанийн хувьцаа эзэмших замаар хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшинэ гэдэг нь тэдгээр компанийг удирдах эрхтэй болно гэсэн үг биш юм. Ихэнх тохиолдолд компаниудын 10-аас хэтрэхгүй хувийг эзэмшдэг байна. Жишээ нь, энэ оны 01 дүгээр сарын 26-ны байдлаар Blackrock компани дээр дурдагдсан Пфайзер компанийн 7.7%-ийг эзэмшиж байгаа ба тус вакцины компанийн 3,047 хөрөнгө оруулагчийн нэг юм.

Үүнтэй адилаар дээрх хөрөнгө оруулалтын компаниуд нисэх онгоцны компаниудад хөрөнгө оруулдаг ч гэсэн тэдгээрийг удирддаг эсвэл эзэмшдэг гэсэн баримт байхгүй байна.

Ковид-19 вирусийн вариантууд лабораторид бүтээгдсэн гэдгийг тогтоогоогүй

Ковид-19 вирустэй холбоотой хуурамч мэдээллийн нэг нь Японы эрдэмтэн тус вирус лабораторид тогтоосон гэх мэдээлэл бөгөөд цар тахал ид дэгдэж байх үед энэ мэдээлэл гарч байсан байна. Тодруулбал, 2020 оны 04 дүгээр сард Нобелийн шагналт дархлал судлаач Тасуку Хонжо коронавирусийг лабораторид бүтээсэн гэж тогтоосон тухай хуурамч мэдээлэл түгэж байсныг өөрөө худал болохыг нь онцлон мэдэгдэж, түүний мэдэгдлийг Киотогийн их сургуулиас нийтлэн няцааж байсан байна. 

Хэдийгээр ковид-19 вирусийн гарал үүсэл байгалиас буюу амьтнаар дамжсан эсвэл лабораториос үүсэлтэй гэх маргаан байгаа ч одоогийн байдлаар гарал үүслийг нь эцэслэн тогтоогоогүй байна.

Олон эрдэмтэн ковид-19 вирус байгалийн гаралтай хэмээн таамаглал дэвшүүлж байгаа бөгөөд 2022 оны 07 дугаар сард Science сэтгүүлд нийтлэгдсэн Аризонагийн их сургуулийн хувьслын биологийн эрдэмтэн Майкл Воробэй болон өөр 18 эрдэмтэн хамтран хийсэн судалгаанд тус вирусийн хамгийн эхний халдварууд БНХАУ-ын Ухань хотын Хуанан далайн бүтээгдэхүүний захад бүртгэгдсэн гэдгийг мэдэгдсэн байна. Гэхдээ вирусийн гарал үүслийг тогтоосон хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа одоогоор байхгүй байна. Түүнчлэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага вирусийн эх сурвалжийг олоогүй байгаа ба тус байгууллагын олон улсын багийн 2021 оны 03 дугаар сарын 30-нд нийтлэгдсэн Ковид-19 вирусийн эх сурвалжийн тухай тайлантай холбогдуулан тус байгууллагын дарга Тедрос Адханом Гербрейесус “Энэ тайлан нь чухал эхлэл гэхдээ төгсгөл биш. Бид вирусийн эх сурвалжийг хараахан олоогүй байна. Бид шинжлэх ухааныг даган сэжүүр бүрийг мөрдөх ёстой.” хэмээн мэдэгдсэн байна.

Ковид-19, хөрөнгө оруулалтын компаниудын хуйвалдаан, эзэмшлийн талаар хуурамч мэдээлэл нь итгэмээр түүхийг өгүүлж буй мэт боловч үүнд үнэн мэдээлэл хомс байгааг харж болохоор байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document