LPG газ дэлбэрэхэд усан дусалд шилжээд 14 хоногийн дараа гал гарах эрсдэлтэй гэх мэдээлэл ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #841

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“LPG газ дэлбэрсэн юм байна. Тэгэхээр Глобал сургуулийн ойр орчим 800м газар 14 хоногтоо битгий яваарай. LPG газ дэлбэрэх нь онцлогтой юм байна. Усан дусал шиг төлөвт шилжээд хаа сайгүй цацагдаж байшингийн гадна пасад, замын хагархай өөр юу байдаг юм 60 тонн шүү дээ. Нэлдээ цацагдаад хөлддөггүй юм байна. Гадаргуу дээрээс ууршиж агаарт хий төлөвт шилжиж ууршиж алга болдог. Тэгээд 14 хоногтоо дахиад гал гарах дэлбэрэх эрсдэлтэй байдаг гэнэ” гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Салбарын экспертүүд LPG хий шингэн төлөвт шилжээгүй, ослын газар ажилласан шинжээчид шатамхай хийн үлдэгдэл байхгүйг мэдээлсэн хойно шалгаж буй мэдээлэл нь үндэслэлгүй байна.

01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот, Дүнжингарав хотхоны орчимд хий тээвэрлэж явсан ачааны машин осолд орж, ойр орчимд дэлбэрэлт үүссэнтэй холбоотой мэдээ, мэдээлэл одоог хүртэл цахим орчинд тархаж байна. Тэдгээрийн нэг нь “LPG газ дэлбэрсэн юм байна. Тэгэхээр Глобал сургуулийн ойр орчим 800м газар 14 хоногтоо битгий яваарай. LPG газ дэлбэрэх нь онцлогтой юм байна. Усан дусал шиг төлөвт шилжээд хаа сайгүй цацагдаж байшингийн гадна пасад, замын хагархай өөр юу байдаг юм 60 тонн шүү дээ. Нэлдээ цацагдаад хөлддөггүй юм байна. Гадаргуу дээрээс ууршиж агаарт хий төлөвт шилжиж ууршиж алга болдог. Тэгээд 14 хоногтоо дахиад гал гарах дэлбэрэх эрсдэлтэй байдаг гэнэ. Манайд одоохондоо хүйтэн байгаа болохоор хүмүүс л ил гал гаргахгүй бол гайгүй байлгүй гэж бодож байна. Олон улсад болсон LPG газны дэлбэрэлтээс үүссэн туршлага, судалгаа байдаг юм байна. Хүний тархи, зүрхэнд маш муу нөлөөтэй. Хордлого тайлах эмчилгээ сайн хийлгээрэй” гэх мэдээлэл.

Liquefied Petroleom Gas буюу Шингэрүүлсэн нефтийн хий нь нүүрс-устөрөгчийн хийнээс тогтсон шатамхай холимог бөгөөд халаалтын төхөөрөмж, газын зуух, автомашин зэрэгт түлш болдог. Нефть эсвэл байгалийн хийн шингэнээс гаргаж авна. Найрлагадаа C3H8 химийн томьёотой Пропан болон C4H10 томьёотой Бутан агуулдаг. LPG нь агаарын даралт болон температур хэвийн нөхцөлд хий хэлбэрт оршино. Харин тохирох хэмжээний даралтаар үйлчилвэл шингэн хэлбэрт шилждэг. Хий, шингэн аль ч төлөвтөө өнгө, үнэргүй. Хий алдаж байгаа эсэхийг танихад хялбар болгох үүднээс нэмэлт бодис хийж үнэртэй болгодог.

Тусгай зориулалтын танкнаас задарч, хэвийн даралттай нөхцөлд хий төлөвт шилжээд агаартай исэлдэх үедээ тэсрэмтгий хольц үүсгэнэ. Энэ хольцыг дулааны эсвэл цахилгааны ямар нэг очлуураар хүрэлцэхэд шууд шатаж, дэлбэрдэг.

LPG хий нь агаараас хоёр дахин хүнд тул газарт тунах ба мөлхөө тархалттай. Тархах үедээ нүх, далан, булан хөндийд байсаар байж болзошгүй. Дэлбэрэх үйл явцыг тайлбарлавал шатамхай хий даралтын огцом өсөлт бий болгож, динамик хүчээр орчинд үйлчилнэ.

LPG хий алдагдах үед оч үүсгэгч байхгүй бол тэсрэхгүй. Агаартай исэлдээгүй LPG хийг мөн шууд галаар үйлчилвэл дэлбэрэхгүй шатдаг. Агаартай исэлдэж байж тэсрэмтгий хольц үүсгэх ба энэ нь дэлбэрвэл галын аюул дагуулахаас гадна орчин тойрны хүн ам, барилга байгууламжид хохирол учруулна.

Туркын Харран их сургуулийн Иргэний барилгын инженерчлэлийн тэнхим, Зөвлөх профессор Паки Тургүт-ын боловсруулсан хичээлээс

Дээрх хэсгээс харахад танк буюу даралттай орчинд л шингэн хэлбэрт байх ба агаарт задарсан тохиолдолд шингэн хэлбэрт орж, барилгын хана, гадна талбайд наалдана гэх ойлголт алдаатай байна.

АНУ-ын Нью Жерси мужид байрлах Chemspace Химийн бодисын аюулгүй байдал, менежментийн компанийн зөвлөмжид:
“LPG хий нь амьсгал боогдуулах чанартай. Хүчилтөрөгч хүрэлцээгүй битүү орчинд амьсгалбал ухаан алдуулах, үхэлд хүргэх аюултай. Халаах үед шатах, дэлбэрэх аюултай. Хийнд өртвөл нүд аргах, арьс загатнах, амьсгал боогдох, таталт өгөх, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Урт хугацаанд LPG хийгээр амьсгалвал төв мэдрэлийн ситемийг гэмтээж, хамраас цус гоождог болох, хамар бөглөрөх, хоолой цэврүүтэх, жин хасах, ядаргаанд орох зэрэг сөрөг нөлөөтэй” гэсэн байна.

Гэвч эдгээр нь зөвхөн LPG хийгээр амьсгалсан тохиолдолд. LPG хий нь нүүрс-устөрөгч хийнээс бүрдсэн байх тул шаталтын дараа нүүрстөрөгч, ус, дулаанаас өөр нэмэлт хортой бодис ялгардаггүй байна.

2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бид Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй утсаар холбогдож осол гарсан орчинд нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулсан юм. Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшин:

“Алдагдсан хий шингэн төлөвт шилжээд барилгын хананд наалдсан гэх буруу ойлголт тархсан байна. Нүүрс-устөрөгчийн хийн шаталтын дараа нүүрсхүчлийн хий болон ус ялгарна. Ялгарсан бага хэмжээний ус дахин шатахгүй. Харин хий төлөвтөө замын нүх, барилгын буланд оршиж болно. Иймд орчны шинжилгээ хийх хэрэгтэй. НЭМҮТ, Байгаль орчны яам, Онцгой байдлын ерөнхий газрын шинжээчдийн хамтарсан баг осол гарсан орчинд нийт 8 цэг дээр хэмжилт хийхэд шатамхай хий бүрэн замхарч дууссан гэх дүгнэлт гарсан. Орчинд шатамхай хий байхгүй гэж үзсэн цагт тухайн бүс нутагт хүмүүс аюулгүй явж болно. Тэгэхээр заавал 7 хоног, 14 хоног гэсэн зүйл байхгүй. Гэхдээ оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэлтээс буцаахад бусад хийн аюул ямар байгааг харгалзаж үзнэ. Шатсан барилга дотор хуванцар, мод, шил зэрэг янз бүрийн материал байсан. Тэр болгоны шаталтын үр дүнд төрөл бүрийн хүний биед хортой, хоргүй хий ялгарсан байгаа. Тэдгээрийг хэмжих ёстой” гэх хариултыг өглөө.

Хий агаар, орчинд байхгүй эсэхийг мэргэжлийн байгууллагууд тогтоох ба олон улсад гарсан ослуудын дараа нүүлгэн шилжүүлсэн орчинд тавьсан хоригийг буцаагаад суллах хугацаа ч янз бүр байна. Жишээ нь, Норвеги улсад 2017 оны 04 дүгээр сарын 06-нд болсон LPG хийн дэлбэрэлт болсноос 3 хоногийн дараа буюу 04 дүгээр сарын 09-ний өдөр LPG хий агаарт байхгүй гэх дүгнэлт гарсан байна. Мөн 2023 оны 12 дугаар сарын 06-нд АНУ-ын Вермонт мужид пропан хийн агуулах дэлбэрсэн ба ослоос 40 цагийн дараа LPG хий бүрэн шатаж дууссан, орчинд пропан хий үлдээгүй гэх дүгнэлт гарч байжээ.

Нэгэнт салбарын экспертүүд LPG хий шингэн төлөвт шилжээгүй, ослын газар ажилласан шинжээчид шатамхай хийн үлдэгдэл байхгүйг мэдээлсэн хойно шалгаж буй мэдээлэл нь үндэслэлгүй худал мэдээлэл байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document