“Канадад болсон шуурга” хэмээн эвлүүлэг бичлэг түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #838

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Канад Улсын Форт Лодердейл хотод өнгөрөгч бямба гарагийн орой буюу орон нутгийн 18.00 цагийн орчим хар салхи дайран өнгөрч, их хэмжээний хохирол учирсан байна” гэх бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Өөр өөр улсад болсон шуурганы эвлүүлэг бичлэгийг Канадад болсон хар шуурга мэтээр түгээсэн байна.

Канад улсын Форт Лодердейл хотод хар салхи дайрч өнгөрөн их хэмжээний хохирол учруулсан гэх мэдээлэл түгэн өндөр хандалт аваад байна (энд бас энд). Бидний шалгасан шуурганы бичлэгийн тайлбарт “Канад Улсын Форт Лодердейл хотод өнгөрөгч бямба гарагийн орой буюу орон нутгийн 18.00 цагийн орчим хар салхи дайран өнгөрч, их хэмжээний хохирол учирсан байна.” хэмээсэн ба нэг минут орчим үргэлжлэх бичлэгт хэд хэд өөр байршлын бичлэгийг нэгтгэн хар шуурганы нөхцөл байдлыг харуулж буй мэтээр гардаг. 

Энэ бичлэг нь өөр өөр улсад хар шуурганы бичлэгийг нэгтгэсэн байна. Үүнд 2016 онд АНУ-ын Флорида мужид болсон хар шуурганы бичлэг, Бангладешд болсон шуурганы бичлэг болон хувиргасан буюу зарим дүрсийг компьютер графикаар өөрчилсөн бичлэгүүдийг нэгтгэн Канад улсад болсон үйл явдал мэтээр тайлбарлан түгээсэн байна. Бид баримт шалгалтынхаа явцад бичлэгийн дүрсүүдийн эх хувилбарыг олж нийтэлсэн бичлэгтэй харьцуулан дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Юун түрүүнд Канадад Форт Лодердейл гэх хот байдаггүй ба энэ эвлүүлсэн бичлэгийг нийтэлсэн өдрийн өмнөх өдөр буюу 01 дүгээр сарын 07-нд АНУ-ын Флорида мужийн Форт Лодердейл хотод (Fort Lauderdale) хар шуурга дэгдсэн юм. Энэ үйл явдлыг ашиглан Канадад шуурга дэгдсэн мэтээр эвлүүлсэн бичлэг буюу @disaster2884 гэх TikTok дахь хаягт оруулж байсан бичлэгийг түгээсэн байна. Энэ Tiktok хаяг нь хар шуурганы бичлэгийг компьютер графикаар өөрчлөх болон хар шуургатай холбоотой төөрөгдүүлсэн бичлэг нийтэлдэг хаяг болохыг нүүр хуудсаас нь харж болохоор байна.

Дор хэсэгт Канадад болсон хар шуурганы бичлэгийн зарим хэсгийн нэрийг өөрчлөн Калифорни мужид болсон шуурганы бичлэг хэмээн тайлбартайгаар дахин түгээсэн байгааг харж болно.

Бичлэгийн хамгийн эхний хэсэгт гарч буй цайвар өнгөтэй байшингийн ард хар шуурга харагдаж буй хэсгийг нь компьютер графикаар хийсэн бөгөөд бидний олсон эх бичлэгт хар шуурга харагдахгүй байгааг доорх харьцуулалтаас харж болно. Зүүн хэсэгт улаан хүрээгээр бидний шалгасан бичлэг дэх байшинг тодруулсан бол баруун талд шар хүрээгээр ижил байшин болон Youtube дэх Tornado Tracker хаягт 2016 оны 10 дугаар сарын 09-нд нийтлэгдэж байсан бичлэгийн нэрийг тодруулсныг харж болно.  

2016 оны 10 дугаар сард АНУ-ын Флорида мужийн Мелбурн, Жаксонвилле хотуудад болсон Маттев хар шуурганы бичлэгийг Tornado Tracker гэх хаяг нийтэлж байжээ.

Цаашлаад бичлэгийн өөр хэсгүүдэд ижил компьютер графикаар бүтээсэн хар шуурганууд байгааг доорх зургуудаас харж болохоор байна.

Мөн Флоридад болсон шуургаас гадна Бангладешд болсон шуурганы бичлэгийг ашигласан болохыг Fatabyyano баримт шалгах байгууллага олж нийтэлсэн байна. Тодруулбал бичлэгийн доорх хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 08-нд Инстаграмд нийтэлсэн Бангладешд болсон хар шуурганы бичлэг болохыг харж болохоор байна.

Өөр өөр улсад болсон шуурганы эвлүүлэг бичлэгийг Канадад болсон хар шуурга мэтээр түгээснийг дээрх баримт шалгалтаас дүгнэж болохоор байна.

Гамшиг ослын үед энэ мэт олон нийтийн сэтгэл зүйг улам үймүүлж, айдас сандралт автуулах, сэтгэл хөдлөлтэй үед нь үйлдэлд уриалах гэх мэт санаархал бүхий хуурамч мэдээлэл түгээдэг тул авч буй мэдээллийнхээ бодит байдлыг нягталж, цааш түгээхгүй байгаарай.

Олон нийт хуурамч мэдээллийг таньж, цааш түгээхгүй зогсоож чадвал хуурамч мэдээлэл бүтээгч этгээдийн зорилгыг хангахгүй байх боломжтой юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document