2024 оны 01 дүгээр сарын 18-нд Talbar.mn пэйжид “Ахмадууд болгоомжтой байхад илүүдэхгүй шүү!! Устгалд орчихов доо” гээд ЦХХХЯ-ны дэд сайд асан Б.Болор-Эрдэнийн зураг дээр “Хөгшин хүмүүс хурдан үхвэл Монгол хөгжинө” гэсэн тайлбар бичсэн пост оруулсан нь 01 дүгээр сарын 22-ны байдлаар 1.4 мянга гаруй удаа цааш түгээгдсэн байна.
Уг зургийн баруун доод өнцөгт “Зууны мэдээ” сонины логог оруулсан нь тус сонинд гарсан мэдээллээс түгээсэн мэт сэтгэгдэл төрүүлжээ.
Бодит мэдээлэл: Юу болоод өнгөрсөн бэ?
2021 оны 10 дугаар сарын 26-28-нд болсон “Future investment initiative” олон улсын хуралд Б.Болор-Эрдэнэ нь Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга байхдаа оролцсон.
Уг хэлэлцүүлгийн бүрэн бичлэгийг YouTube дэх “FII Institute” сувагт оруулсан бөгөөд Б.Болор-Эрдэнэ залуу болон ахмад үе хоорондын хамтын ажиллагааны талаар “When the new prime minister came he brought a lot of young leaders but people working in the mid level or front level are older. So they are educated during… they educated in Russia. We had a big influence from the Soviet Union. They have very Russian way of thinking and working. When they have younger leader, of course, when you are in the pandemic and you have to be innovative and fast there is bit of conflict between these leaders and the employees within the government and that was very interesting. Actually, 75 percent of the Mongolian population is under the age of 40. So it is a young nation with very good history, I guess…” гэж ярьсныг бичлэгийн 17:04-17:56 цагийн хооронд үзэж болно. Ярилцлагын энэ хэсгийг хадмал орчуулгаар тавьсан бичлэг мөн тухайн үед гарч байв.
- Ярилцлагын үеэр үе хоорондын ялгааг өөрийн туршлагаар тодорхойлсон ба шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг “Хөгшин хүмүүс хурдан үхвэл Монгол хөгжинө” гэж хэлээгүй.
Түгээсэн шалтгаан: Хэзээ, яагаад түгээсэн бэ?
Жилийн өмнөх олон улсын хуралд ярьсан хэсгийг нь 2022 оны 11 дүгээр сарын эхээр цахим орчинд утгыг гуйвуулан, зарим нь “Тамгагүй төр” жүжгийн эшлэл гэх зүйлийг уг зурагт тавьж түгээж байсан.
Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 8-нд Б.Болор-Эрдэнэ дэд сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тухайгаа цахим хуудастаа бичихдээ “…Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, ХАРЛУУЛАХ ТЕХНОЛОГИ, авлигажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна…“ гэж тодотгосон.
Б.Болор-Эрдэнийн хүсэлтийг хүлээн авч, дэд сайдын албан тушаалаас чөлөөлсөн ба шалгаж буй мэдээлэлд “Дэд сайд Болор-Эрдэнэ” гэсэн нь хуучин мэдээллийг дахин сэргээснийг илтгэж байна.