Гахайн маханд шараад чанаад байхад устаж үхдэггүй өт шимэгч байдаг гэдэг нь худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #831

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Гахайн маханд чанаж, шарсан ч устдаггүй өт шимэгч байдаг ба 30 гаруй төрлийн өвчин байдаг гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Трихинелла шимэгч нь +58°C болон -23.3°C-д бүрэн устдаг бол туузан хорхойн өндөг, авгалдай 50-65°C-д устдаг байна. Мөн “гахай хүний үхэж болох 30 орчим өвчнийг тэсвэрлэдэг” гэдэг нь ямар нэгэн судалгаа шинжилгээгээр нотлогдоогүй.

2024 оны нэгдүгээр сарын 16ны өдөр  Гантөмөрийн ГАНЧУЛУУН гэх хуудаснаас “Гахайн маханд шараад чанаад байхад устаж үхдэггүй өт шимигч байдаг гэж байгаа…Гахайн мах бол хамгийн муу мах буюу маш олон тооны өт шимэгч хорхой агуулсан, амархан мууддаг…Гахай гэдэг амьтанд хүнд халдаж болох 30 гаруй төрлийн өвчин байдаг, гахай нь өөрийн баасаа идэж шээсээ уудаг, гахайн арьсанд хөлсний суваг нүх байдаггүй тул маханд нь бүх хор нь шингэдэг, махыг нь яаж ч шарж чанаад бүх паразит өт хорхой нь арилах баталгаагүй, гахайнд ихэнхдээ хүний идсэн хоолны хаягдалыг өгдөг г.м. Тиймээс Исламын шашинд гахайн маханд хүрэх ч хэрэггүй хэмээн заасан гэж байгаа.” гэх агуулга бүхий тайлбартай 42 секундын бичлэгийг түгээжээ. Тус мэдээлэл нь нийт 5.9 мянга гаруй удаа цааш хуваалцаж, 391 мянган хэрэглэгч үзжээ. 

АНУ-ын Хүнс хөдөө аж ахуйн судалгааны төвийн Шимэгч хорхойн биологи болон эпидемологийн лабораториос гахайн махыг түүхийгээр боловсруулаагүй идсэн тохиолдолд Trichinella spiralis, Taenia solium, Toxoplasma gondii зэрэг шимэгчээр үүсгэгддэг өвчин хүнд халдварлах бөгөөд нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй гэж үзсэн байна.(2022 оны 11 дүгээр сарын 16-нд шалгасан мэдээлэл)  АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн албан ёсны вэбсайтад Трихинелла” хэмээх шимэгчийн авгалдайгаар өвчилсөн амьтны түүхий болон дутуу болгосон махыг идсэнээс үүдэн  трихинозоор (трихинеллез)  өвчлөх боломжтой . Халдвар нь ихэвчлэн баавгай, пумба зэрэг зэрлэг махчин (мах иддэг) амьтад эсвэл гэрийн гахай, зэрлэг гахай зэрэг бүх идэшт (мах, ургамал иддэг) амьтдад тохиолддог” гэжээ. Трихинозоор өвчлөх үед дотор муухайрах, бөөлжих, халуурах, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэгдэг. Энэ нь найман долоо хоног хүртэл үргэлжилдэг бөгөөд ховор тохиолдолд үхэлд хүргэдэг байна. (эх сурвалж 1, 2, 3)

Трихинеллёзын оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх тодорхой бус байдал”, “Мексикийн Юкатан хотод түгээмэл хэрэглэгддэг давс даршлах болон түгээмэл хоол хийх аргаар бэлтгэсний дараах халдвартай гахайн маханд Taenia solium метацестодын амьдрах чадвар” зэрэг судалгаанд Трихинелла шимэгч нь 58°C-д үхдэг, туузан хорхойн өндөг, авгалдай 50-65°C-д устдаг хэмээжээ. Иймд гахайн маханд чанаж, шарсан ч устдаггүй тэсвэртэй өт байдаг гэх агуулгыг үгүйсгэж байна.

Шалгаж буй мэдээлэл дээрх агуулга нь Монголын баримт шалгах төвөөс 2022 оны 11 дүгээр сарын 16-нд шалгасан “Мусульман шашинтнууд гахайн мах иддэггүй шалтгаан” гэсэн мэдээлэлтэй ижил байна

  • АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвөөс гаргасан судалгааны ажилд гахайн мах, махан бүтээгдэхүүнд агуулагдах бактери, шимэгч хорхойг устгахад шаардлагатай тооцоолсон температур болон хугацаа нь:
    • -20°C-д 8 минут, 
    • -15°C-д 64 минут, 
    • -10°C-д 4 хоног байлгана гэжээ. 
    • -23.3°C-д Трихинелла  шимэгч бүрэн устдаг гэсэн байна.
  • АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн вэбсайтад нийтлэгдсэн Р.С.Миллер нарын “Зэрлэг гахай, мал, шувуу, зэрлэг ан амьтад, хүний хооронд төрөл зүйл дамжих боломж: Хойд Америкт өвчний эрсдэлийн менежментэд үзүүлэх нөлөө” судалгаагаар “1,918 хүний ​​томуугийн вирус гахайд халдварласан. Тиймээс төрөл зүйл хоорондын өвчин халдвар дамжих нь нийгмийн эрүүл мэндэд заналхийлж байна” гэж үзжээ. Дээрх судалгаанд хүн гахай хоёрын анатомийн бүтэц төстэй, түүнчлэн гахайнаас хүнд, хүнээс гахайд өвчин халдах магадлал өндөр гэдгийг дурдсан боловч “гахай хүний үхэж болох 30 орчим өвчнийг тэсвэрлэдэг” гэдэг нь ямар нэгэн судалгаа шинжилгээгээр нотлогдоогүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document