2024 оны 01 дүгээр сарын 09-нд “Сонирхолтой баримтууд” гэх хаягтай фэйсбүүк хуудас нарны шил зүүх нь арьс түлэгдэхэд хүргэдэг тухай тайлбарласан бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэгт тайлбарласнаар “Хэрвээ нарны шил зүүвэл за юу? Гадаа халуун байхад нарны шил зүүвэл чи илүү наранд түлэгддэг… Бидний нүд нарыг мэдэрдэг. Нарны шууд тусгал болон цацрагийг мэдэрдэг. Тэгээд арьсанд дохио өгч меланин боловсруулдаг. Хэрвээ чи нарны шил зүүвэл нүд чинь нарны шууд тусгалыг мэдэрч чадахгүйгээс болж арьс чинь түлэгдэнэ…” хэмээсэн байна.
Бид “Сонирхолтой баримтууд” хуудас дахь хуурамч мэдээллийг өмнө нь шалгаж байсан ба энэ удаа бидний өмнөх баримт шалгалтад дурдаж байсан тааруу эх сурвалжийг ашиглажээ. Тодруулбал энэ бичлэг нь хуйвалдааны онолын сэдвээр голчлон бичлэг хийдэг “Jumpers Jump” гэх Youtube хаягт 2023 оны 03 дугаар сарын 17-нд нийтлэгдэж байсан байна.
Америкийн Нэгдсэн Улсын Хавдрын Судалгааны Институтийн мэдээлснээр меланин нь хүний арьс, үс, нүдний өнгийг тодорхойлдог бодис. Хүний арьс нарны туяанд буюу хэт ягаан туяанд өртөх үед арьсыг түлэгдэхээс сэргийлэх меланоцит эсүүд меланинийг ялгаруулан арьсыг хамгаалдаг буюу үр дүнд нь арьс борлож эхэлдэг байна.
Тийм учраас нүдний шил зүүсэн тохиолдолд меланин боловсруулахгүй буюу меланин бага ялгаруулж наранд түлэгдэнэ гэж ойлгох нь буруу юм. Харин шил зүүсэн эсэхээс үл хамааран таны арьс нарны туяанд өртсөн тохиолдолд меланин ялгаруулна. Өөрөөр хэлбэл та нарны туяанд удаан байвал меланин ихээр ялгарч борлох мөн нарны тосгүй хэт удаан явсан тохиолдолд таны арьс түлэгдэх боломжтой юм.
Харин эсрэгээр, түлэгдэхээс эмээн нарны шилгүй явах биш нарны туяанаас нүдээ хамгаалах хэрэгтэй юм. Нарны туяанаас шалтгаалан нүд гэмтэх болон бусад төрлийн нүдний өвчин үүсэх боломжтой байдаг. Америкийн Үндэсний Нүдний Институт нарнаас хамгаалах зорилгоор нарны шил, бүрх малгай өмсөхийг зөвлөдөг байна.