Шүдний оо дээрх дөрвөлжин тэмдэглэгээ найрлагыг нь илэрхийлэхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #828

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Шүдний оонд тэмдэглэл бүхий хар, улаан, цэнхэр дөрвөлжин нь ооны найрлагыг ирэлхийлсэн байдаг гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шүдний ооны үйлдвэрлэлийн гэрэл мэдрэгчид өнгө өнгийн дөрвөлжин тэмдэглэгээг таньж, зөв зүсэх, битүүмжилдэг болохоос найрлагыг илэрхийлдэг зүйл биш.

2024 оны 01 дүгээр сарын 12-нд “Сонирхолтой баримтууд” гэх хаягтай фэйсбүүк хуудас шүдний оонд тэмдэглэл бүхий хар, улаан, цэнхэр дөрвөлжин нь ооны найрлагыг ирэлхийлсэн байдаг гэх харилцан яриаг орчуулж нийтэлжээ. Тус бичлэгт тайлбарласнаар “Шүдний ооны дээд буланд үргэлж хар дөрвөлжин зүйл байдаг. Хар, улаан, цэнхэр дөрвөлжин байдаг…Эдгээр нь бүгд нэг брэндийн нэг төрлийн шүдний оонууд. Тэгэхээр онол нь бол элит хүмүүс үүнийг ямар код болохыг мэдэж тодорхой өнгөнүүдээс татгалздаг. Тэгээд эдгээрийн утга нь болохоор хэрвээ шүдний оо дээр ногоон дөрвөлжин байвал энэ нь цэвэр байгалийн гаралтай гэсэн үг. Хэрвээ цэнхэр дөрвөлжин байвал энэ нь байгалийн гарал болон эмийн гаралтай гэсэн үг. Хэрвээ улаан өнгөтэй дөрвөлжин байвал энэ нь байгалийн гарал болон химийн бодистой. Хэрвээ хар өнгөтэй дөрвөлжин байвал энэ нь цэвэр химийн гаралтай гэсэн үг.” хэмээн ярилцаж буй гардаг. 

Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Энэхүү шүдний ооны тэмдэглэгээ нь орц, найрлагыг илэрхийлэхгүй бөгөөд ооны үйлдвэрлэл, савлалтын явцад ооны савыг зүсэх, битүүмжлэхэд ашигладаг тэмдэглэгээ юм. Шүдний ооны тэмдэглэгээний талаарх энэ хуурамч мэдээлэл нь олон жилийн турш тархаж буй AFP, Africa Check, Pesa Check, Snopes зэрэг баримт шалгах байгууллага болон шүдний оо үйлдвэрлэгч Colgate вэбсайтаараа дамжуулан худал болохыг нь онцлон мэдээлж байсан байна.

Бид “Сонирхолтой баримтууд” хуудаст нийтлэгдсэн бичлэгийн эх сурвалжийг олсон ба тус бичлэг нь 2024 оны 01 дүгээр сарын 04-нд “Jumpers Jump” гэх хаягтай Youtube хуудаст нийтлэгдэж байжээ. Энэ хуудсыг Карлос болон Гавин гэсэн хоёр залуу хөтлөн голдуу хуйвалдааны онол, батлагдаагүй мэдээллийн талаар ярилцдаг байна.

Дэлхийн шүдний оо үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг Colgate шүдний ооны тэмдэглэгээний талаарх ташаа мэдээллийг үгүйсгэн тайлбарлахдаа “Шүдний ооны дөрвөлжин тэмдэглэгээ нь шүдний оо үйлдвэрлэхэд үйлдвэрлэлийн гэрэл мэдрэгчид тухайн тэмдэглэгээг танин зөв зүсэх, битүүмжлэх боломжтой болгодог” гэсэн байна. 

Та дараах бичлэгээс өнгөн тэмдэглэгээ нь шахмал бүтээгдэхүүнийг савлахад буюу зүсэх, битүүмжлэхэд хэрхэн ашиглагдаж байгааг харж болно.

Америкийн Шүдний Эрүүл Мэндийн Холбооны мэдээлснээр “Шүдний оо нь гель, зуурмаг, нунтаг хэлбэрээр байдаг. Найрлагын хувьд үл ялиг өөр байдаг ч бүх шүдний оо нийтлэг орц агуулдаг” хэмээн мэдээлж байжээ. Үүнд, 

  • зүлгэгч бодис (Mild abrasive), 
  • чийгшүүлэгч (Humectants), 
  • амт оруулагч (Flavoring agents), 
  • өтгөрүүлэгч (Thickening agents), 
  • ариутгагч бодис (Detergent) зэрэг багтдаг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document