2024 оны 01 дүгээр сарын 15-нд Demberel Ragchaa нэртэй хаягаас “ЭХЭМҮТ-д урд шөнө энэ оны анхны 5 ихэр хүүхэд мэндэлжээ” гэсэн тайлбартай нярай нарын зурагтай пост оруулсан байна.
Зургаар хайх аргаар мэдээллийн бодит байдлыг шалгаарай.
Хэрэв та гар утаснаасаа энэ мэдээллийг харж байгаа бол скрийншот хийж аваад, Google Lens аппликейшнд оруулж хайгаарай.
Харин компьютерээс орж байгаа бол маусын курсорыг зурган дээр байрлууж, баруун товчоо дараад Search image with Google цэсийг сонгож дараарай.
- Ингэхэд зургийг ашигласан тохиолдлуудыг гаргаж харуулах ба илэрц дунд 2017 оноос эхлэн жил бүр давтамжтайгаар түгээж байсныг харж болохоор байна.
Хайхад гарч ирсэн илэрцүүд дундаас 2017 оны 07 дугаар сарын 8-нд gogo.mn сайтад гарсан тодруулгаас бодит мэдээллийг харж болно.
“Эх, хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг ЭХЭМҮТ үзүүлдэг. Манай улсад 2013 оны арванхоёрдугаар сард анх удаа дөрвөн ихэр хүүхэд ЭХЭМҮТ-д төрж байсан.
Таван ихэр хүүхэд төрсөн, эсэх талаар тус эмнэлгийн Хүүхдийн эмнэлгийн дэд захирал Ц.Алтантуяагаас тодруулахад, “Эх, нялхаст хүндрэлтэй болон олон ихэр хүүхэд төрөх онцгой тохиолдолд ЭХЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад хэвтэн эмчлүүлэх тогтолцоотой. ЭХЭМҮТ-д таван ихэр хүүхэд төрөөгүй” гэж хариуллаа” гэжээ.
Албаны тодруулга:
ЭХЭМҮТ-ийн Олон нийттэй харилцах албаны ажилтан Ш.Алтанзулаас тодруулахад, “Монгол Улсад 5 ихэр мэндэлсэн тохиолдол байхгүй. Хандалт авах зорилгоор түгээж байгаа хуурамч мэдээлэл. Зургаас харахад л худлаа гэдэг нь мэдэгдэнэ. Хэвийн, жин ихтэй нярайнууд байгаа биз дээ. Хэрэв 5 ураг эхээс төрсөн байлаа гэж бодоход ийм хэмжээний жинтэйгээр тээж, төрүүлэх боломжгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна” гэсэн юм.
Учир шалтгааныг таамаглах нь
Цахим хэрэглэгчдийн зан үйлд ажиглагддаг түгээмэл шинжүүдийн нэг нь сайхан сэтгэлийн тухай, сайн сайхан мэдээллийг органикаар түгээдэг хандлага юм. Иймд хуурамч хаягаар хандалт өсгөх зорилготой этгээдүүд “5 ихэр хүүхэд мэндэллээ”, “7.2 кг хүү төрлөө” гэх мэтээр хуурамч мэдээлэл оруулж, хандалтаа өсгөдөг.
Тухайн хаягийн мэдээллийг лайк, зүрх реакц дарж, сэтгэгдэл бичиж, хуваалцсан хэрэглэгчийн нүүр хуудаст дараа дараагийн постууд харагддаг алгоритм ажилладаг. Энэ үед тухайн пэйж, хаягаар олон нийтэд хүргэхийг хүссэн өөр мэдээллүүдээ түгээдэг.
Тиймээс олон нийтийн анхаарал татсан, сонирхолтой мэдээллийг зургаар хайж, хаягийг шалгаж, агуулгаар нягталж үзээд, идэвхжүүлэх эсэхээ шийдэж байгаарай.