“Ханиадтай хүүхдэд банана өгч болдоггүй” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #826

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Ханиадтай хүүхдэд банана өгөх нь ханиадыг хүндрүүлж, эдгээдэггүй гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гадил жимс нь гистамины ялгарлыг өдөөдөг учир гистаминд тэсвэргүй эсвэл мэдрэмтгий хүмүүст л цэр ихсэж, хамар битүүрэх шинж тэмдэг илэрдэг.  Харин ийм харшлын эмгэггүй насанд хүрэгсэд болон хүүхдэд гадил жимсийг шим тэжээлээр баялаг, зөөлөн учир өвдсөн үед хэрэглэхэд тохиромжтой гэж зөвлөдөг байна.

2024 оны 1 дүгээр сарын 10ны өдөр D Undral гэх хаягаас “Ханиадтай хүүхдэд банан өгч болдоггүй юм бна шүү! Учир нь цэр өтгөрөөд ханиад эдгэдэггүй гэнээ. Мэдэхгүй нэгэндээ дуулгаарай. Голомт дээр нь бгаа эмч хэллээ” гэх мэдээллийг түгээсэн нь нийт 311 хандалт авч 2,300 удаа цааш түгээгдсэн байна. 

Гадил жимс нь хүний биеийн гистамины ялгарлыг өдөөдөг хүнс юм.  Гистамин нь хүний биеийн дархлааны системээс ялгардаг химийн бодис бөгөөд харшлын шинж тэмдэг үүсгэх үүрэгтэй, мөн нойрны мөчлөг, танин мэдэхүйн үйл ажиллагааг зохицуулж байдаг. Бие дэх гистамины хэмжээ ихсэх үед хүний бие гистаминд тэсвэргүй болж эхэлдэг. Энэ үед гистаминаар баялаг хүнс хэрэглэх нь цэрийг ихэсгэж хамар битүүрэх шинж тэмдэг үүсгэх боломжтой. Мөн толгой өвдөх, ядрах, хоол боловсруулах эрхтний асуудал үүсэх, хэвлий хэсгээр өвдөх, бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд түгээмэл илэрдэг байна. 

Гэвч энэ нь ихэвчлэн гистаминд тэсвэргүй эсвэл мэдрэмтгий хүмүүст л илэрдэг бөгөөд гэдэсний ферментийн дутагдлын үр дагавар юм. Энэ төрлийн хүмүүст /зөвхөн хүүхэд гэлтгүй/ гадил жимс идэх үед харшлын шинж тэмдэг болох хамар битүүрэх, цэр ихсэх хариу урвал илрэх боломжтой байна. 

Гистаминаар баялаг бяслаг, загас, дарс, гадил жимс гэх мэт хүнс нь гистамины тэсвэргүй хүнд улайлт, толгойн өвдөлт, харшлын ринит үүсгэдэг.  Харшлын ринитийн үед хамар битүүрч, нус гоожих шинж тэмдэг ажиглагддаг.

Харин гистаминд тэсвэртэй, хэвийн гэж хэлж болох ихэнх хүнд гадил жимс нь зөөлөн бөгөөд шим тэжээл, нүүрс усаар баялаг учир өвдсөн үед идэхэд тохиромжтой хүнс юм. 100грамм гадил жимсэнд агуулагдах шим тэжээлийн хэмжээ:

  • Нүүрс ус: 22,8гр 
  • Кальци: 5 мг
  • Кали: 358 мг 
  • В6 витамин: 0.367 мг
  • Витамин С: 8.7 мг
  • Магни: 27 мг
  • Манган: 0,27мг 
  • Эслэг: 3.07 грамм
  • Гистидин (гистамин): 0,077 гр

2022 онд хийсэн “5 хүртэлх насны хүүхдийн цочмог суулгалтыг гэрийн нөхцөлд эмчлэхэд чанаж болгосон ногоон гадил жимсний үүрэг” гэх судалгаагаар чанаж болгосон ногоон гадил жимсний тэжээл нь цочмог суулгалттай 5-аас доош насны хүүхдийн суулгалт өвчний үргэлжлэх хугацааг багасгаж, цаашдын суулгалт өвчний тохиолдлыг 40.5 хувиар бууруулдаг болохыг харуулжээ. 

Хүн болгоны бие физиологи өөр байдаг учир ямар хүнсээс харшилдгаа анзаарч, өвдсөн үедээ тухайн хүнсийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Эмчид үзүүлэхэд асуудаг харшилдаг зүйлсийн талаарх асуумжид үнэн зөвөөр хариулж, тохирох эмчилгээ, хоолны дэглэмээ бичүүлж авч байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document