Монголд алмазын орд илрүүлээгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #825

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Монголд алтны эрэл хайгуул хийж байсан Канадын компани алмазын орд олсон” гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Алмазын орд Монголд олдсон тухай мэдээлэл нь баримт, нотолгоогүй бөгөөд бидний шалгасан мэдээлэлд тайлбарласан алмазын нөөц, “A Dartmouth” компани зэрэг мэдээллүүд нь хуурамч мэдээлэл зохиоход ашигласан хуурамч дүр, агуулга болохыг харж болохоор байна.

2023 оны 01 дүгээр сарын 10-нд “Эврика онлайн дэлгүүр” гэх хаягтай фэйсбүүк хуудас “Монголд алтны эрэл хайгуул хийж байсан Канадын компани алмазын орд олсон” гэх мэдээллийг нийтэлсэн. Тус мэдээлэлд тайлбарласнаар алмазын ордны нөөцийн хэмжээ тогтоогдоогүй ба үл мэдэгдэх Канад компани нь 430 километрийн гүнд алмазын орд олсон гэж мэдээлсэн байна. Үргэлжлүүлэн постын эзэн энэ мэдээллээ олон удаа засварлахдаа (постын хуучин архивлагдсан хувилбар) 430 километрийг 43 километр, 43000 метр болгон өөрчлөн үл мэдэгдэх Канад компанийн нэрийг “A Dartmouth” хэмээн нэмсэн байна. Түүнчлэн дараагийн өөрчлөлтүүддээ нөгөөх алмазын орд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд олдсон ба 660 километрийн гүнд буй алмазын нөөц гэх зураг болон “A Dartmouth” гэх компанийн гүйцэтгэх захирлын үг “Үнэндээ алмаз эрдэнэ нь тийм ч ховор зүйл биш нүүрс шиг элбэг олдоцтой баялаг” гэж хэлсэн гэх эшлэл зэргийг нэмжээ.

  • Дээр тайлбарласан бүх мэдээлэл нь зохиомол бөгөөд Монголд ямар нэг алмазын ордыг илрүүлээгүй байна. 

43 километрийн гүнээс алмаз олборлох боломжгүй

Өнөөгийн байдлаар дэлхийн хамгийн гүн өрөмдлөг нь Оросын Холбооны Улсын Мурманск мужид оршдог Кола гүний цооног юм. 1970 онд нүхийг өрөмдөж эхлэн 1992 онд өрөмдлөгийг зогсооход нийт 22 жилийн хугацаанд ойролцоогоор 12 километрийн гүнд буюу 12,262 метрийн гүн хүртэл өрөмдсөн байна. 

  • Алмазын судалгааны тэргүүлэх байгууллага ‘GIA’-н  мэдээлснээр газрын гүний алмаз нь газрын гадаргаас 150-200 километрийн гүнд бүрэлддэг боловч тэдгээрийг шууд олборлох ямар ч боломжгүй юм.

Түүнчлэн бидний шалгасан мэдээлэлд ашигласан газрын гүнд буй гэх алмазын зураг нь 2021 оны 03 дугаар сарын 31-нд Science Advances сэтгүүлд хэвлэгдсэн газрын гүн болон гадаргуугийн хөдөлгөөнөөр дамжсан бодисын эргэлт газрын гүний алмазын найрлагад хэрхэн нөлөөлсөн тухай эрдэм шинжилгээний өгүүллийг тайлбарласан зураг болохыг зургаар хайх аргаар тогтоосон бөгөөд алмазын уурхай эсвэл олборлохтой ямар ч холбоогүй юм. 

Одоогийн байдлаар Монгол Улсын хамгийн гүн уурхай Оюу Толгойн орд нь 1,3 километр буюу 1300 метрийн гүнд олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

Алмазын орд тогтоогдоогүй болохыг хариуцсан албаныхан мэдэгдсэн

Бид алмазын орд олдсон гэх мэдээллийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газартай холбогдон тодруулахад “Энэхүү мэдээлэл нь үнэнд огт нийцэхгүй, ор үндэсгүй мэдээлэл байна. Монголд алмазын орд тогтоогдоогүй болно.” гэх хариуг 01 дүгээр сарын 11-нд бидэнд имэйлээр ирүүлсэн.

Үргэлжлүүлэн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумд ямар нэг уул уурхайн хайгуулын тусгай зөвшөөрөл өгөгдсөн эсэхийг Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Сангийн тусгай зөвшөөрлийн мэдээллээс хайж үзэхэд ямар нэг илэрц гарч ирээгүй. 

Түүнчлэн, Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрлийн мэдээллийн санд “A Dartmouth” гэх компанид ямар нэг тусгай зөвшөөрөл олгосон тухай мэдээлэл байхгүй байна.

Алмазын орд Монголд олдсон тухай мэдээлэл нь баримт, нотолгоогүй бөгөөд бидний шалгасан мэдээлэлд тайлбарласан алмазын нөөц, “A Dartmouth” компани зэрэг мэдээллүүд нь хуурамч мэдээлэл зохиоход ашигласан хуурамч дүр, агуулга болохыг харж болохоор байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document