2023 оны 12 сарын 13-нд Blue Shop нэртэй пэйжид “Сүүлийн үед маш их эрэлттэй хөх томруулагч хөөлгөгч тос маань ирлээ. Уг тос нь хөхний өөхлөг эдийг эрчимжүүлж, улмаар хөөлгөж томруулах үүрэгтэй ба ямар нэгэн сөрөг зүйлгүй аюулгүй тос байгаа шүү” гэх тайлбартай бичлэгийг оруулжээ. Тус бичлэг 2024 оны 01 сарын 09-ний байдлаар 4.8 мянган реакц, 521 сэтгэгдэл авч, 606 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Хөхний хэмжээнд юу нөлөөлдөг вэ?
Их Британийн MedicalNewsToday эрүүл мэндийн вэбсайтад дурдсанаар:
“Хөх ургах гэдэг нь бэлгийн бойжилтын үед тохиодог цогц үйл явц. Ургах хурд, хэмжээ зэрэг нь ихэвчлэн хүний биеийн дотоод хүчин зүйлсээс хамаарна. Эдгээрт:
Даавар: Эм бэлгийн дааврууд/жишээ нь эстроген/ амьдралын туршид хөхний ургалтад нөлөөлж байдаг. Цэвэршилт, жирэмсний үе, сарын тэмдгийн үе зэрэг эстроген болон прогостероны ялгарал хэлбэлзэлтэй байхад хөхний хэлбэр, хэмжээ өөрчлөгдөх магадлалтай.
Биеийн жин: Жин нэмэх болон хасах нь хөхний хэлбэр, хэмжээнд нөлөөлнө.
Нас: Хүн хөгшрөх тусам арьс байгалиасаа хэлбэр болон хатуу байдлаа алддаг” гэсэн байна.
2. Хөхний хэмжээг тосоор өөрчилж болох уу?
АНУ, Вашингтонд төвтэй Эрүүл мэндийн судалгаа, шинжилгээний үндэсний төв байгууллагад хэрэглэгчээс “Эм болон тосоор хөхний хэмжээг томруулж болох уу” гэх тодруулга ирүүлсэнд дараах байдлаар хариулжээ.
Хэрэглэгчийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглах хүсэлтэй хүмүүс байдаг нь харамсалтай. Хөх томруулах үйлчилгээ амласан бүтээгдэхүүнүүд зах дээр удаан хугацаанд байсаар л ирсэн.
Зүгээр л онлайнаар хөх томруулагч гэж хайхад түм буман илэрц олдоно. Энэ тухайд АНУ-ын Хүнс, эмийн агентлагийн Бизнес хөгжлийн хорооноос “Хөх томруулах баталгаатай үйлчилгээтэй бүтээгдэхүүн одоогоор зах зээлд байхгүй”-г санууллаа. Тэдний тайлбарлаж буйгаар “Хэдэн арван жилийн турш хөх томруулах шингэн, тос зэрэгт хүмүүс мөнгөө хий дэмий зарцуулсаар ирсэн. Гэтэл хүмүүсийн хүсээд буй үйлчилгээг өгөх бүтээгдэхүүн одоогоор байхгүй. Хөхний булчин чангалах электрон төхөөрөмжүүд нь хөхийг өргөдөг булчинг л хөгжүүлэх болохоос хэмжээг нь нэмэгдүүлэхгүй” аж. Мөн энэ төрлийн бүтээгдэхүүн нь эрүүл мэндийн гэхээсээ илүүтэй гоо сайхны бүтээгдэхүүн тул хяналт, зохицуулалт сул байдаг юм байна.
Мөн энэ төрлийн зар сурталчилгааг Олон улсын баримт шалгах сүлжээний баталгаажсан гишүүд болох Newsmeter, THIP Media зэрэг баримт шалгах төв няцаажээ.
Мөн MedicalNewsToday сайтад “Хөхний хагалгаанаас өөр хөхний хэмжээг баттай томруулах үйлчилгээтэй, шинжлэх ухаанд суурилсан арга одоогоор алга. Дасгал хөдөлгөөн хийж хөхний булчинг чангалах нь зарим хүний л хөхийг өргөж харагдуулдаг. Хөхний имплант суулгах, хөх өргөх, сорви, язралт арилгах зэрэг хагалгаа л одоогоор шалгарсан арга. Гэхдээ эдгээр нь үнэтэй, цаг шаардсан, өвдөлт дагуулдаг тул хүн бүрийн хөхний хэмжээ янз бүр гэдгийг хүлээн зөвшөөрөөд, бусдыг даган дуурайхгүй байх нь зөв болов уу” гэсэн байна.