“Тамифлю эм ханиадыг цаг алдалгүй дарж байна” гэх мэдээлэл бүрэн бус

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #819

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Тамифлю эмийг хэрэглээд ханиадыг хүндрүүлэхгүй эдгээж байна гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хүн бүрийн биеийн онцлог өөр тул ханиад томуугийн үед өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийх, эм тариа авах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс аливаа эм, бэлдмэлийг эмчийн жор, зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй.

2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Ханиад эмчлэх” группд Undrah Ganaa гэх хаягаас “Хүүхэд томгүй тамифлу цаг алдалгүй хэрэглээрэй үр дүнтэй юм байна шүү хүүхэд лав хүндэрсэнгүй” гэх мэдээллийг түгээжээ. Тус пост нь нийт 112 хандалт, 107 сэтгэгдэл авч, 36 удаа цааш түгээжээ. 

Тамифлю (оселтамивир фосфат) нь томуугийн шинж тэмдэг илэрснээс хойш  48 цагаас илүүгүй хугацаанд 2 долоо хоног ба түүнээс дээш настай өвчтөнүүдэд цочмог, хүндрэлгүй томуугийн эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн вирусийн эсрэг эм юм. Уг эм нь А ба В хэлбэрийн томууг эмчлэхэд зөвшөөрөгдсөн. 

  • Оселтамивир фосфат нь томуугийн вирусээс бусад халдвараас үүдэлтэй өвчлөл болон томуугийн үед тохиолдож болох бактерийн халдвараас урьдчилан сэргийлж эмчлэхгүй юм.

АНУ-ын нийгмийн эрүүл мэндийн үндэсний агентлаг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн албан ёсны вэбсайтад “Санамсаргүй, хяналттай эмнэлзүйн туршилтуудын мета-шинжилгээгээр эрүүл хүүхэд болон хүндрээгүй томуутай насанд хүрэгчдийг плацеботой харьцуулахад нейраминидазын дарангуйлагч буюу А, В томууг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд ашигладаг вирусийн эсрэг эмийн эмчилгээг эрт эхлүүлэх нь (өвчин эхэлснээс хойш 36-48 цагийн дотор) үр дүнтэй болохыг харуулсан. (  Jefferson, 2014Dobson, 2015; Malosh, 2018; Liu, 2021).” хэмээн дурджээ. 

Тамифлю нь капсул хэлбэрээр 30 мг (мг), 45 мг, 75 мг байдаг бол шингэн уусмал хэлбэр нь 360 мг усанд шингэлж 6 мг/мл концентрацтай болгож хэрэглэдэг.

Тамифлю 75 мг капсул эмийн найрлагад

  • Капсулын цөм
  • Урьдчилан желатинжуулсан цардуул (эрдэнэ шишийн цардуулаас гаргаж авсан)
  • Тальк
  • Повидон
  • Кроскармеллозын натри
  • Натрийн стеарил фумарат
  • Капсул бүрхүүл
  • Желатин
  • Шар төмрийн исэл (E172)
  • Улаан төмрийн исэл (E172)
  • Хар төмрийн исэл (E172)
  • Титаны давхар исэл (E171)
  • Хэвлэх бэх
  • Шеллак
  • Титаны давхар исэл (E171)
  • FD ба C Blue 2 (индиго кармин, E132) ордог. 

Өвчтөний биеийн жин наснаас хамаарч уг эмийг хэрэглэх тун хэмжээ нь өөр байдаг. 

Гаж нөлөө 

Насанд хүрэгчид болон өсвөр насныханд түгээмэл илэрдэг гаж нөлөө (нөхцөлдөн үүсэх боломжтой үр дагавар) нь толгой өвдөх, дотор муухайрах юм. Харин хүүхдэд илэрдэг түгээмэл гаж нөлөө нь бөөлжих, ханиалгах, хамар бөглөрөх зэрэг орно.

Ховор тохиолдолд доорх гаж нөлөө үүсэж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд яаралтай эмчид хандах хэрэгтэй. 

  • Харшлын урвал – арьсны тууралт, загатнах, чонон хөрвөс, нүүр, уруул, хэл, хоолой хавагнах
  • Самгардах
  • Хий юм харах
  • Амны хөндийн арьс улайх, цэврүүтэх, хуулрах, сулрах
  • Таталт
  • Чичирч салгалах 
  • Ярихад хүндрэл үүсэх
  • Зан үйлийн хэвийн бус өөрчлөлт мэдрэгдэх 

АНУ-ын Хүнс, Эмийн захиргаа болон Европын эмийн агентлагаас тус эмийн эмчийн эсвэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчийн заавар, жорын дагуу хэрэглэхийг зөвлөдөг. 

Уг эмийг хэрэглэхээс өмнө эмчдээ зайлшгүй хэлэх ёстой зүйлсд: 

  • Бөөрний өвчтэй 
  • Жирэмсэн болон жирэмлэхийг төлөвлөж байгаа тохиолдолд
  • Хөхүүл үед
  • Зарим төрлийн эм бэлдмэл, хоол хүнс, будагч бодис зэргээс харшлах зэрэг багтана. 

Хүн бүрийн биеийн онцлог өөр тул ханиад томуугийн үед өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийх, эм тариа авах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс аливаа эм, бэлдмэлийг эмчийн жор, зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document