2023 оны 12 дугаар сарын 31-ны өдөр CAP Online shop гэх хуудаснаас “Муу мэдээ өнгөрсөн 12 сарын 30-наас 31ны шөнө ар гэрийн уй гашуу тохиолдсон учир утас өгөх хугацаагаа 7 хоногоор сунгаж байна😭😢 Бидэнд бага зэргийн зураас болон хагралаас болж зарагдах боломжгүй олон арван iphone 📱 7,7plus,8,8plus,x загварын гар утас байгаа. Шинэ жилийн баярыг тохиолдуулаад пост шэйр хийж, пэйжд лайк дарсан хүн бүрт өгөхөөр шийдлээ. 2024 оны 1-р сарын 7-ны 23:00 цагаас өмнө” гэх тайлбартайгаар гар утасны зураг хавсарган нийтэлжээ. Тус пост нь 2023 оны 1 дүгээр сарын 3-ны байдлаар нийт 3,200 хандалт авч 12 мянган удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Хаяг шалгах нь
CAP Online shop хуудас нь 2022 оны 6 дугаар сарын 20-нд нээгдсэн ч 2023 оны 12 дугаар сарын 29 ны өдөр хүртэл нээлттэй пост оруулаагүй. 12 дугаар сарын 29-ний өдрөөс шалгаж буй мэдээлэлтэй яг ижил утга агуулгатай, ижил зурагтай постыг 4 удаа давтан оруулжээ. Тус хуудсаас нийтэлсэн пост бүр 2-13 мянган хандалттай байна.
Тухайлбал 12 дугаар сарын 29-ний өдөр “… 12-р сарын 31-ны 23:00 цагаас өмнө. Мөн коммэнт хэсэгт 5 найзаа меншион хийсэн хүмүүсээс 1 хүнд камера ажилдаггүй iphone 14 өгнө шүү @followers” хэмээн постолж байсан бол 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр “ 1 дүгээр сарын 7 хүртэл сунгалаа” хэмээн өөрчлөн бичсэн. 12 дугаар сарын 31-ний өдөр утас тараана гэсэн боловч авсан тухай мар нэг мэдээлэл байхгүй, мөн дахин сунгасан гэх мэдээлэл оруулж олон удаагийн пост хийсэн нь утас тараах бус хандалт авах зорилготойг илэрхийлж байна.
Зургаар хайх нь
Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зургийг google lens зургаар хайх хайлтын системээр хайхад интернэт орчинд олон удаа тархсан байна.
Зургаар хайлт хийхэд Mekandi олон улсын хувьцааны болон бөөний худалдааны сайтад 5 сарын өмнө “Албан ёсны хайрцагтайгаа, ашиглагдсан, хагарсан IPhone X 64” гэх тайлбартайгаар байршуулсан зураг гарч ирсэн бөгөөд шалгаж буй мэдээлэлд уг зургийг авч таних тэмдгийг арилгаж, ашигласан байна. Тус сайтад тэмдэглэснээр:
- Байршил: “Итали улсад”
- Хамгийн багадаа: 25 ширхэг
- Боломжит: 100 ширхэг
- Нэг ширхгийг €350-аар худалдаалах саналыг тавьсан байна. Гэвч тус худалдааны санал нь 5 сарын өмнөх учир санал хуучирсан хэмээн шараар тодруулан тэмдэглэжээ.
Mekandi сайтын танилцуулгыг харвал анх 2008 онд Польш улсад хөрөнгийн зах зээлд хувьцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч одоогоор олон төрлийн барааны бөөний худалдааг мөн хийх боломжтой сайт болсон. Худалдан авагчид болон худалдаалагчид өөрсдөө тус платформд бүртгүүлж худалдаа хийх боломжтой аж. Өнөөгийн байдлаар 100,000 гаруй сэтгэл ханамжтай хэрэглэгчтэй хэмээжээ. Герман, Грек гэх мэт олон хэл дээр сайтаа шинэчлэн гаргаж байснаас гадна Энэтхэг, Испани, Франц гэх мэт олон улсын хэрэглэгчдийг татаж үйл ажиллагаа явуулдаг байна.
Олон улсын худалдааны сайтаас зургийг ашиглан, үнэгүй утас өгнө гэх агуулга бүхий постыг 5 өдрийн турш давтан оруулсан, хаяг байршил, холбоо барих мэдээлэлгүй байгаа зэрэг нь хуурамч мэдээлэл болохыг илтгэж байна.