Хөрөнгө борлуулахад авах татварын хувь өөрчлөгдөөгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #816

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Та байр, машинаа зарвал 10% татвар авна гэсэн хууль хэрэгжээд эхэлчихсэн үү” гэх пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

2024 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн заалтууд дунд татварын хувь хэмжээг нэмэгдүүлсэн зохицуулалт байхгүй байна.

2024 оны 01 дүгээр сарын 01-нд Наранцэцэг Анхбаяр нэртэй хэрэглэгчийн оруулсан “Та байр, машинаа зарвал 10% татвар авна гэсэн хууль хэрэгжээд эхэлчихсэн үү” гэх пост 01 дүгээр сарын 03-ны байдлаар 82 реакц, 28 сэтгэгдэл авч, 36 удаа цааш түгээсэн байна.

Хүмүүсийн эргэлзээд байгаа татварын хувь хэмжээ өөрчлөгдсөн гэх мэдээллийн талаар 2023 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас тодрууллаа.

“Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 онд баталж, хүчин төгөлдөр болсноос хойш байр, машин зэрэг хөрөнгийг борлуулахад ногдох татварын хэмжээ өсөөгүй. Үл хөдлөх хөрөнгө буюу ХХОАТ-ын тухай хуулийн 17.1.1-д заасан орлогод 2 хувиар татвар ногдуулдаг байсан нь хэвээрээ. Та байраа зарсан бол 2 хувийн татвар төлнө. Машин буюу хөдлөх хөрөнгө борлуулахад ч өмнө нь борлуулагч тал зөрүү орлогын 10 хувь төлдөг байсан нь хэвээрээ. Жишээ нь та өмнө худалдаж авсан машинаа анх авсан үнээсээ өсгөж зарж ашиг олж буй бол түүнийгээ харьяа татварын албанд мэдэгдэж зөрүү ашгийн 10 хувийг татвар болгон төлнө. Нэг ёсондоо 10 саяар авч, 11 саяар зарлаа гэхэд олж байгаа ашиг болох 1 сая төгрөгт 10 хувь тооцдог. Тэгснээс нийт үнийн дүн болох 11 саяд татвар ногдуулахгүй. Уг хоёр заалт хоёул өмнө ямар байсан тэр хэвээрээ л байна” гэсэн юм.

Хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдох харилцааг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулдаг. Тус хуульд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Шинээр нэмсэн хэсгүүдийг дурдвал:

20.4.Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг энэ хуулийн 17.1.3-т заасны дагуу тодорхойлно.
20.5.Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөхөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.14-т заасан журмыг баримтална.”
23.16.Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг болон аймаг, сумын хилийн цэсийн дотор баригдсан нийтийн зориулалттай орон сууцны барилгад хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлнө.
23.17.Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлнө.
25.8.Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах албан татварыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.9, 24.1.10-т заасан зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч этгээд ногдуулж, суутгана.

  • Мөн хуульд оруулсан өөрчлөлтүүдийг дурдвал:

15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн “Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн” гэснийг “Хувь хүн” гэж өөрчилсөн.
5.7 дахь хэсгийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, энэ хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхтэй албан татвар” гэснийг “Энэ хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх албан татвар” гэж өөрчилсөн.
21 дүгээр зүйлийн 21.2.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “20.1-д” гэснийг “20.1, 20.4-т” гэж өөрчилсөн.

Дээрх нэмэлт, өөрчлөлтөөр ХХАОТ-ын тухай хуулийн 21 дүгээр зүйлд тусгасан орлогын татварын хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй байна.

  • Шалгаж буй мэдээлэлд дурдсан орлогод ногдох татварын хувь хэмжээ одоогийн хуулинд тусгагдаагүй байтал “10% татвар авна гэсэн хууль хэрэгжээд эхэлчихсэн үү” гэж байгаа мэтээр асуусан нь уншигчдыг төөрөгдүүлж болзошгүй мэдээлэл байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document