Сансар супермаркетын нэрийг ашиглан хуурамч пэйж үүсгэжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #812

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сансар супермаркетын ой болж байгаа тул урамшуулал зарлалаа гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Энэ мэдээлэл нь хандалт цуглуулах, хэрэглэгчийн хувийн мэдээллийг хулгайлах зорилготой хуурамч мэдээллийн хамгийн түгээмэл хэлбэр юм.

2023 оны 12 дугаар сарын 28 болон 29-нд Sansar Supermarket Chain нэртэй хуудсаар “Sansar supermarket chain -ийн төрсөн өдрийг тохиолдуулан 2023 оны 12-р сарын 31-нээс өмнө “Төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж бичсэн хүн бүр бэлгийн уут, бэлэн мөнгө эсвэл дэлгүүр хэсэх эрхийн бичиг хэлбэрээр онцгой шагналын эзэн болно. Амжилт хүсье” гэх постыг идэвхжүүлж 702 реакц, 3.5 мянган сэтгэгдэл, 6.1 мянган шэйр авсан байна.

Аливаа мэдээлэлд итгэж хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө таны хамгийн түрүүнд хийх ёстой алхам бол эх сурвалжийг шалгах юм.

Ямар нэг брэндийн өмнөөс бэлэг тараана, урамшуулал олгоно гэсэн бол тухайн пэйж нь баталгаажсан тэмдэггүй л бол ихэнх тохиолдолд худал байна.

Мэдээлэл түгээсэн эх сурвалж нь пэйж байгаа тохиолдолд та Page Transparency цэс рүү орж хэн, хэзээ уг пэйжийг үүсгэж, хаанаас удирддаг зэрэг мэдээллийг харах боломжтой.

Бидний шалгаж буй пэйжийг анх 2023 оны 12 дугаар сарын сарын 29-нд буюу өчигдөрхөн үүсгэсэн гэж байна. Шинэ жил, тэмдэглэлт баярыг тохиолдуулан энэ төрлийн мэдээлийг идэвхжүүлэх зорилгоор шинэ пэйж үүсгэдэг нь худал мэдээлэл түгээгчдийн хамгийн нийтлэг ашигладаг арга юм.

Мөн та Sansar Supermarket Chain түлхүүр үгээр хайвал хамгийн эхэнд гарч ирэх илэрц буюу 143 мянган дагагчтай пэйжид зочилвол бидний шалгаж буй хуудас хуурамч болохыг анхааруулж мэдэгдэл гаргасан байна.

Аливаа мэдээлэлд хавсаргасан холбоосыг сайтар нягтлах нь чухал. Үндсэн домайнаас нэг үсэг эсвэл тэмдэгт өөрчлөөд л яг ижилхэн нүүр хуудас гаргаад хэрэглэгчдийг луйвардах оролдлого хийх нь ч бий. Бидний шалгаж буй мэдээлэлд sites.google.com гэсэн өргөтгөлтэй байна. Энэ төрлийн домайн өргөтгөл нь дурын этгээд шууд нээж болох домайн юм.

Холбоос дээр дарж ороход сайтын хийц, бичвэрийнх нь найрлага, ашигласан үг, хэллэг зэргээр нь хуурамч сайтыг таньж болно. Мөн ашигласан зургуудыг Google Reverse image search хийж хайхад ашигласан зургуудаа Алтанжолоо группийн сайтаас шууд авсан байна.

Хэрвээ та “Энд дарж бүртгүүлнэ үү” гэсэн сонголт дээр дарах үедээ аль хэдийнээ Facebook хаягаа өөр цонхон дээр нээсэн бол энэ холбоосоор дамжуулан таны мэдээллийг шууд хуулбарлах, үгүй бол танаас хаягийн нэвтрэх мэдээллийг тань нэхэж болзошгүй. Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөхүүд таныг нэвтрэх нэр, нууц үг зэргээ үндсэн платформоос гадуурх бусад төхөөрөмж, платформууд дээр оруулахгүй байхыг зөвлөдөг.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document