Бөөрний өвчтэй тохиолдолд кофены хэрэглээг зохицуулах нь зүйтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #811

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Кофег бөөрний өвчтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Биеэс усыг гадагшлуулах чанартай тул арьсанд ч сөрөг нөлөөтэй” гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Кофе, цай тэргүүтэй кафейн хэрэглэсэн бүх төрлийн ундааг хэрэглэхдээ өдрийн кафейны зохист хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхаараарай.

2023 оны 09 дүгээр сарын 26-нд thesecretsociety хаягтай Instagram хуудаст байршуулсан “Кофены талаар” гэх тайлбартай бичлэг 12 дугаар сарын 30-ны байдлаар 3128 реакц, 19 сэтгэгдэл авчээ. Бичлэгт ярилцагч “Кофе биеэс усыг хөөдөг. Бөөрний эмгэгтэй хүмүүс усыг хэт алдаж болохгүй. Хэдийгээр ууж болно гэдэг ч бөөрний өвчтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Мөн арьс шингэнээ алдаад байвал илүү хөгширнө” гэх тайлбарыг өгсөн байна.

Кофе биеэс ус хөөх эсэх нь ямар төрлийг ууж байгаа вэ гэдгээс хамаарахыг АНУ-ын Mayo Clinic төвийн тайлбарласнаар:
“Кофе, эрч хүчийн ундаа зэрэг нь кафейны агууламжтай. Кафейн шээсний ялгарлыг нэмэгдүүлдэг. Гэхдээ кафейн агуулсан ундаа ихэвчлэн шингэлсэн хэлбэрээр байдаг тул агуулж буй ус нь шээс ялгаруулах байдалтай нь тэнцдэг хэдий ч нэг дор их хэмжээгээр уух хэрэггүй. Мөн эспрессо уух бол араас нь заавал балга ус ууж байгаарай” гэсэн байна.

Германд төвтэй Фрисинус олон улсын анагаах ухааны төвийн зөвлөмжид дараах байдлаар дурджээ.

Ихэнх хүмүүс өглөөг аяга кофегоор эхлүүлдэг. Кофен дахь кафейн нь өдрийг даах эрч хүч мэдрүүлдэг. Хэрэв та бөөрний өвчнөөр шаналж буй бол кофены хэрэглээгээ зохицуулах нь зүйтэй.
Хэдийгээр кофен дахь кафейн нь бага хэмжээгээр хэрэглэхэд бөөрөнд ямар нэг хор нөлөөгүй ч гэсэн цусны даралтыг өдөөх үйлчилгээтэй тул бөөрний шалтгаант цусны даралт ихэсдэг бол кафейнгүй кофег сонгох нь зүйтэй.
Кали нь бидний өдөр тутамдаа авч байх ёстой электролит бөгөөд маш олон хүнсэнд агуулагддагийн нэг нь кофе. Бөөрний өвчний үед хүний бие калийн түвшнээ тэнцвэржүүлж чадахгүйд хүрдэг тул өдөрт хэр хэмжээний кали хэрэглэх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. 100 грамм кофе 49 милиграмм кали агуулдаг ба 3 аяга кофе л гэхэд калийн багагүй сурвалж болно. Мөн кофенд нэмэлтээр хийдэг сүү, өтгөрүүлэгч зэрэг нь калийн агууламжтайг санаарай.
Хамгийн чухал нь кофены хэрэглээгээ тохируулах. Өдөрт 500 милилитрээс их кофе хүртээд хэрэггүй. Бөөрний өвчин, эмгэгийн үед бөөрний шингэн шүүх чадвар сулардаг. Иймд эмчийн зөвлөсөн өдөрт уух усны хэмжээг мөрдөхдөө кофег ч оруулж тооцоорой. Уух бол дан хар кофе уугаарай. Нэмэлт өтгөрүүлэгч, сүү зэрэг нь фосфор болон кали агуулах тул бөөрөнд ачаалал үүсгэж болзошгүй. Шүүж чадахгүй фосфор болон кали нь зүрх, судасны асуудал үүсгэж, кофенд буй кафейн нь эргээд цусны даралтад нөлөөлж болохыг анхаараарай. Иймд кафейныг нь ялгасан хар кофе илүү зохино.
Мэдээж кофег огт битгий уу гэсэнгүй. Хэмжээг нь хэтрүүлэхгүй байх л чухал.

Харин АНУ-ын Бөөр судлалын үндэсний сангийн зөвлөмжид тусгаснаар:
“Кафейн нь цусны даралтыг түр хугацаанд ихэсгэдэг. Бөөрний олон өвчин ялгаатай бөгөөд тэр болгонд ийм хэмжээний кофе хэрэглэж болно гэсэн тун үгүй. Гэсэн ч зөвхөн кофеноос гадна түүнд нэмэлтээр хийж буй бүтээгдэхүүн илүү асуудал дагуулж болно. 250 мл Латтед л гэхэд 183 мгр фосфор, 328 мгр кали агуулна. Иймд кофе уухаар бол хар кофе уухыг зөвлөе. Тохирох хэмжээнд нь хэрэглэхэд бөөрний өвчний үед тийм ч өндөр эрсдэл дагуулахгүй. Гэхдээ эмч, хоол зүйчтэй зөвлөлдөхөд буруудахгүй” гэсэн байна.

Мөн зөвхөн кофе гэлтгүй төрөл бүрийн цай ч кафейн агуулдаг тул өдөрт хэрэглэх кафейны хэмжээг 400 милиграмаас /энэ нь кофегоор бол 5 аягатай тэнцэнэ/ хэтрүүлж болохгүйг Харвардын их сургуулийн зөвлөмжид тусгажээ.

Бичлэгийн төгсгөлд арьс шингэнээ алдаад байвал хурдан хөгширнө гэх тухайд Их Британийн Olay гоо сайхны брэндийн зөвлөмжөөс хүргэе.

Кафейн бол биеэс ус гадагшлуулагч. Биед ус дутагдахад арьсан дээр шинж тэмдэг илэрнэ. Ус биш кофе, цай, ундаа зэргийг байнга уугаад байвал арьс улайж, үрэвсэмтгий болдог. Цаашлаад арьсны өнгө гандах, арьс хуурайшиж нүүрний зураас тодорж, үрчлээ тогтох нь илүү хялбар болно гэсэн үг. Хамгийн гол нь кафейн их хэрэглэх нь шингэний дутагдалд оруулж, усанд уусдаг B амин дэмийг хүртэл биеэс амархан гадаглуулахад хүргэнэ. В амин дэм арьсанд чухал ач холбогдолтой учир дутагдах юм бол үрчлээ тогтоход нөлөөтэй. Хамгийн гол нь хэтрүүлэн хэрэглэхгүй байх буюу өдөрт 3-аас дээш аяга кофе уухгүй, уухдаа хар буюу сүү, чихрийн нэмэлтгүй хэрэглээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document