Аливаа мэдээллийн контекст буюу хэлээгүй үгээр илэрхийлэх агуулга нь бодит байдалд нийцэхгүй, буруу ойлголт өгөхөөр байх үед залруулах шаардлага гардаг. Бид Үндэсний эрх ашиг, хүний эрх, ардчилал, эрүүл мэнд, эдийн засаг гэх мэт сэдвээр олон нийтийн эрх ашигт хохирол учруулж болзошгүй тохиолдолд нягтлан шалгаж, бодит мэдээллийг хүргэх үүргийг Баримт шалгах зарчимдаа тусган ажилладаг.
Тухайлбал, 1921 оны Ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар жанжины зураг болон түүний хөшөөний зургийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдрийн баярын мэндчилгээнд ашигласан нь санамсаргүй сонголт гэхэд эргэлзээ төрүүлэхээр байна. Учир нь Монголын төрд зүтгэж буйн хувьд түүх соёлоо сайн мэддэг байх учиртай төрийн өндөр албан тушаалтнуудын хаягаар, мөн олон дагагчтай, нийтийн үйлчилгээний газрууд зэрэг олон нийтэд ойр хаягуудын мэндчилгээнд дээрх төөрөгдөл гарчээ. Хэрэв энэ нь санамсаргүй, эсвэл мэдээгүйгээс болсон үйлдэл бол мөн л залруулах шаардлагатай тул дараах бодит мэдээллийг хүргэж байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ гэж тодорхойлоод 9 төрлийн баярын өдрийг тусгасны нэг нь 12 дугаар сарын 29-нд тохиодог Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр байна. Тодруулбал,
“4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.” гэж заасан. Энэ нь 1911 оны 12 дугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар тусгаар тогтнолоо олж, Богд гэгээнийг Монгол Улсын эзэн хааны ширээнээ залж, тусгаар тогтнолоо тунхаглан төрийн их ёслолыг явуулсан гэж Монголын түүхийн тольд бичжээ.
Дэлгэрүүлбэл, “…Тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцлийн үр дүнд 1911 оны 12 сарын 29-нд одоогийн Улаанбаатар хот буюу Их Хүрээнд VIII Богд Жибзундамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий нийтэд зарлан тунхаглажээ. Шинэ байгуулагдсан 5 яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг тохоон томилжээ” гэсэн байна.
Мөн ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Sc.D), профессор Б.Пунсалдулам Монцамэ агентлагт өгсөн ярилцлагадаа
“…Энэ хувьсгалыг удирдах улс төрийн хүчнийг Халхын Хүрээний Бүх Хэргийн Түр Ерөнхийлэн Захиран Шийтгэх Газар (ХХБХТЕЗШГ) мөн хэмээн үздэг. Түүнийг зарим судлаач Түр Засгийн газар гэж үздэг. Түшээт хан аймгийн чуулган дарга, засаг, улсын түшээ гүн Чагдаржаваар толгойлуулан 1911 оны намар “Түр засгийн газар”-ыг Түшээт хан аймгийн жанжин чин ван Ханддорж, Их Хүрээний да лам Цэрэнчимэд, Сэцэн хан аймгийн хамаарсан чуулган дарга жүн ван Гомбосүрэн, Сэцэн хан аймгийн хамаарсан жанжин хэбэй бэйс Гомбосүрэн, Сайн ноён хан аймгийн ван Цэдэнсоном, Түшээт хан аймгийн улсад туслагч гүн Намсрай нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байдаг” гэж дурджээ.
- Эдгээрээс Үндэсний эрх чөлөөний хувьсгалд Д.Сүхбаатар жанжин оролцсон гэх түүхэн тэмдэглэл байхгүйг харж болно.
Монгол цэргийн жанжин Д.Сүхбаатарын тухай “Монгол түүхийн тайлбар толь“-д “Монголын төр, цэргийн зүтгэлтэн, Монгол улсын баатар. Ардын цэргийг үндэслэн байгуулагч, 1921 оны хувьсгалын удирдагчдын нэг” гэж тодорхойлсон ба намтарт нь 1893 онд төрсөн ба анхны албан тушаал нь “1912-1917 онд Цэргийн бага даргын сургуульд пулемет бууны сумангийн салааны дарга, жагсаалын дарга” гэсэн байна.
- Өөрөөр хэлбэл, Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарах үед Д.Сүхбаатар 18 настай байсан ба Цэргийн даргын бага сургуульд элсэж байсан байна.
12 дугаар сарын 29-нд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” тухайн үйл явдалд оролцоогүй Д.Сүхбаатар жанжины хөшөө, түүний зургаар мэндчилгээ дэвшүүлсэн нь төөрөгдүүлсэн мэдээлэл байна.