Дахин буцалгасан ус ууж болохгүй гэх мэдээлэл бүрэн бус

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #804

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Усыг дахин буцалгахад хорт бодисууд бүрэлдэж, хүний биед сөргөөр нөлөөлнө гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

Усыг дахин буцалгаж болох эсэх нь тухайн усны шим бохирдлын үзүүлэлтээс хамаарна. Усыг буцалгалаа гээд шинээр хорт бодис үүсэх гэхээс илүүтэй усанд аль хэдийнээ буй бодисуудын концентрац нэмэгдэнэ.

2023 оны 11 дүгээр сарын 28-нд Boditnews нэртэй пэйжид “Дахин буцалгасан усыг ууж болохгүй” гэх тайлбартай reel буюу дамран бичлэгийг байршуулжээ. Уг бичлэгт:
“Ус буцалгагчид гурваас дээш цаг болсон усыг асгах хэрэгтэй. Усыг буцалгахад найрлага өөрчлөгддөг. Эхний удаад усны хатуулаг буурч уухад тохиромжтой болох бол хоёр дахь удаад нитрит, кальцийн давс, фтор зэрэг нэгдлийг бий болгодог. Эдгээр нь бөөр, цөсөнд чулуу үүсгэх аюултай. Хавдар үүсгэх эрсдэлтэй. Гурав дахь удаагаа буцалгавал фторид гэх органик бус нэгдэл үүснэ. Хүүхдийн мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж, оюун ухааны хомсдолд хүргэх аюултайг Харвардын их сургуулийн эрдэмтэд тогтоосон” гэсэн байна. Тус бичлэгийг 4.7 мянган удаа цааш хуваалцаж 328 реакц, 32 сэтгэгдэл авчээ.

Усыг дахин буцалгахад найрлага өөрчлөгдөнө гэх ойлголт нь өрөөсгөл болохыг Snopes баримт шалгах төв 2015 онд баримт шалгалтдаа дурджээ.

Өөр хүчийн зүйлээс үл шалтгаалан зөвхөн буцалгахад л усны найрлага өөрчлөгдөнө гэдэг буруу ойлголт

Нитратууд

Нитратын ион агуулсан бодисуудыг хамтатган нитратууд гэж нэрлэдэг. Усыг дахин буцалгавал аюултай гээд байгаа этгээдүүд “Өндөр температурын үйлчлэлээр нитратууд хорт хавдар үүсгэгч нитрозамины нэгдэлд хувирна” гэж айдас төрүүлдэг. Үнэхээр нитрозаминууд хүний биед хортой гэдэг нь нотлогдсон үнэн. Гэхдээ зүгээр л ус буцалгахад нитрат өөрөө нитрозамин болно гэдэг худал. Ундны усанд нитрозамын бүрэлдэхийн тулд хүрээлэн буй орчны нөхцөлдүүлэгчдийн, мөн тухайлсан анхдагч молекулын хүчин зүйлс шаардлагатай. Анхдагч молекулын хамгийн түгээмэл хувилбар нь диметилнотрозамин. Энэ нэгдэл хаягдал усыг хлораминаар ариутгасан үед илэрдэг. Хэрэглэж буй усанд анхнаасаа л нитрозамин агуулаагүй бол буцалгалаа гээд шинээр үүсэхгүй. 2011 онд нэгэн судалгаагаар хоёр өөр төрлийн нитрозамин агуулсан усны дээжийг 20 минутын турш буцалгаж үзэхэд хэмжээ нь ихэссэн эсвэл багассан ямар нэг нөлөө байгаагүй.

Фтор

Харвардын их сургуулийн тогтоосноор усан дахь фтор хүүхдийн оюуны чадамжид нөлөөлдөг” гэх алдаатай дүгнэлт одоог хүртэл тархсаар байна. Харвардын их сургуулийн эрдэмтэд усан дахь фтор хүүхдийн оюуны чадамжид нөлөөлдөг гэж “тогтоогоогүй”. Шинээр тогтоосон гэхээс илүүтэй өмнө хийсэн 27 судалгаанд мета-шинжилгээ дүгнэлт хийсэн. Энд гарсан үр дүн нь “Фторыг ихээр хүртэх нь хүүхдийн сэтгэн бодох чадварт сөрөг нөлөөтэй” гэж байсан. Ихээр буюу өндөр тунгаар гэдэг нь судалгааны ажлуудын төвлөрсөн хэмжээ нь литр тутамдаа 2-10 милиграмм фтор агуулсан ус хэрэглэсэн хүүхдүүд байж. Угаас зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлсэн тохиолдолд ямар ч бодис аюултай. Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын хүрээлэнгээс баталсан зохист дээд хэмжээ литр тутамд 4 милиграмм фтор байхыг зөвшөөрдөг. Харин нийтийн хэрэглээний ундны усыг фторжуулахдаа литр тутамд 0.7 милиграмм байхаар тохируулж байна. Шинжилгээнд хамруулсан 27 судалгааны ажлын дөнгөж 8 нь л зөвшөөрөгдөх хэмжээний фторын хэрэглээнд судалгаа хийсэн. Энэ 8 судалгааны ажлын тэн хагас буюу 4 нь зөвхөн фтор бус фтор, иодын хосолсон хэрэглээг шинжилж “Хүүхдийн оюуны хөгжлийг зөвхөн фторын хэрэглээгээр бүрэн тодорхойлж болохгүй” гэх дүгнэлтэд хүржээ. Мөн 2 судалгааны ажил нь шинжилгээнд хамрах орчны усан дахь фторын төвлөрлийг бүрэн дурдалгүйгээр зөвхөн бус нутаг дахь хүүхдүүдийн оюуны чадамж хооронд л харьцуулалт хийсэн бол үлдсэн 2 нь 4 милиграмм гэх дээд хэмжээгээр тогтмол хэрэглэсэн хүүхдүүд дунд шинжилжээ. Иймд энэ мета-анализын үр дүнг фтор хүүхдийн оюуны хөгжилд сөрөг нөлөөтэй гэж тайлбарлах нь өрөөсгөл.

Хэчнээн буцалгасан ч ус бол усаараа л байна. Ундны усанд аль хэдийнээ буй бодисууд ууршихын хэрээр төвлөрөл нь нэмэгдэх механизмаар зохист хэмжээнээс хэтэрч болох ч тэр түвшин хүртэл буцалгахад хэцүү. Жишээ нь ундны усны бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн шалтгаан үүслээ гэхэд хамгийн их дурдагддаг бодис нь хүнцэл. Бангладеш улсад л гэхэд усан дахь хүнцлээс хордох тохиолдол их. Учир нь тус нутгийн ус байгалиасаа хүнцлийн маш өндөр агууламжтай. ДЭМБ баталснаар литр тутамд 50 микрограмм ба түүнээс дээш хэмжээний хүнцэл байж болохгүй гэдэг. АНУ-д хүнцлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ литр тутамд 10 микрограмм. Энэ усыг хүний биед сөргөөр нөлөөлөх хэмжээний хүнцэлтэй болгоно гэвэл 80 хувийг нь ууршуулах шаардлагатай. Нэг ёсондоо 10 микрограмм хүнцэл агуулсан нэг литр усыг 200 милиграмм болтол нь ууршуулна гэсэн үг. Хүнцлийн хордлогод орох эсэх нь зөвхөн усан дахь хүнцлийн агууламжаас гадна хүний биеийн жингээс хамааралтай. Килограмм тутамдаg 0.6 микрограмм хүнцэл хэрэглэж байж хүнд хордлогод орно гэдэг. 75 кг жинтэй хүн хэвийн түвшний хүнцлийн агууламжтай уснаас хордоно гэвэл 10,000 литр усыг аяганы хэмжээтэй болтол нь буцалгаж ууж хордлого авна.

Snopes баримт шалгах төв

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба 2000 онд фторын хэрэглээ ба хорт хавдрын эрсдэл хоорондын хамаарлыг судалсан 20 гаруй эрдэм шинжилгээний ажлыг харьцуулан дүгнэлт хийсэн нь “Хоорондын хамаарлыг тогтоох нотлох баримт олдсонгүй” гэсэн байна.

АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн харьяа Судалгаа, шинжилгээний үндэсний зөвлөл 2006 онд гаргасан тайландаа “Ундны усан дахь фтор хорт хавдар үүсгэдэг гэх дүгнэлт гаргасан судалгааны ажлууд ихэвчлэн алдаа гаргасан, маргаантай тохиолдол байна” гэж дурджээ.

Фтор нь хүний биеийн кальци их төвлөрсөн хэсгүүдэд хуримтлагддаг тул ясны хорт хавдрын шалтгаанд ч олон удаа сэжиглэгдсэн байна. 1990 онд АНУ-ын Эрүүл мэндийн үйлчилгээний яам Хор судлалын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Энэ үед лабораторийн харханд фтортой ус уулгах үед ясны хорт хавдар үүсгэж байсан тохиолдлууд бүртгэгдсэн ч 2 жилийн турш лавшруулж судлахад үр дүн дахиж давтагдаагүй буюу тохиолдлуудыг баталж чадаагүй байна.

Үүнээс хойш 2014 онд Их Британи улс ховор төрлийн ясны хорт хавдрын 3000 гаруй тохиолыг судлахад фторын хэрэглээтэй ямар нэг хамаарал байсангүй.

Хамгийн сүүлд 2019 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Ойрын жилүүдэд хийгдсэн, хянан магадалгаагаар орсон судалгааны ажлуудад шүдний өвчнөөс сэргийлэх зорилгоор фторыг ундны усанд нэмэлтээр хийдэг нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон тохиолдол алга” гэж мэдэгдсэн байна.

Дээрх баримт шалгалтаас харвал усыг дахин буцалгалаа гээд фтор шинээр үүсэхгүй, угаас агуулж байсан фторын концентрацыг л нэмэгдүүлэх аж. Нитрит бүрэлдэх нь буцалгахаас илүүтэй тухайн усны өөрийн агууламж ямар вэ гэдгээс хамаарна. Мөн Харвардын их сургуулийн эрдэмтэд тогтоосон гэх агуулга ч алдаатай дүгнэлт байв.

Усыг дахин буцалгаж уух нь Улаанбаатарын иргэдэд аюултай юу?

УСУГ-ын төв лабораторын үзүүлэлтээс харахад шалгаж буй мэдээлэлд дурдсан нитритын агууламж Улаанбаатар хотын ундны усанд 0 байна. Мөн фторын концентрац хамгийн өндөр тохиолдол нь Сонгинохайрхан болон Хан-Уул дүүрэгт 0.21 мг/л гэж гарсан байна.

Жишээ нь 0.21 милиграмм фтор агуулсан 1 литр усыг буцалгаж эхний буцалгалтаар 800 милилитр болголоо гэхэд усан дахь фторын концентрац 0.2625 мг/л болно. Энэ усыг дахин буцалгаж 600 мл болголоо гэхэд фторын концентрац 0.4375 мг/л болж байна. Энэ тоо MNS 0900:2018 стандартад заасан зохист хэмжээ болох 0.17-1.5 мг/л үзүүлэлтийг давсангүй. Энэ маягаар 0.21 мг/л фторын концентрацтай 1 л усыг буцалгасаар байгаад 300 мл хүртэл ширгээвэл 0.7 мг/л буюу зөвшөөрөгдөх дэд хэмжээний интервалд хүлцэж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document