2023 оны 12 дугаар сарын 27-нд Жанчивын Батболд нэртэй хэрэглэгч “Электрон тамхи худалдаалахыг хориглосон байна. Ирээдүйгээ бодсон тун зөв шийдвэр ажээ” гэх постыг оруулснаар 477 реакц, 56 сэтгэгдэл авч, 518 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Электрон тамхины худалдааг улс даяар бүрэн хориглосон хуулийн зохицуулалт байхгүй
Монгол Улсад тамхины хяналт, хэрэгжилттэй холбогдох төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг 2005 онд баталсан Тамхины хяналтын тухай хуулиар зохицуулж байна.
Тус хуульд электрон тамхитай холбоотой нэмэлт, өөрчлөлт гарсан эсэхийг Legalinfo эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээс шалгахад хамгийн сүүлийн нэмэлт, өөрчлөлт 2023 оны 01 дүгээр сарын 06-нд орсон байх аж. Тус нэмэлт, өөрчлөлтөд электрон тамхийг зүйлчилсэн ямар нэг заалт байсангүй.
Мөн Улсын Их Хурлаас шинээр баталсан хууль, тогтоомжуудад ч электрон тамхийг дурдсан хууль байхгүй байгааг Parliament.mn сайтын хайлтын хэрэглүүрээс түлхүүр үгээр хайж мэдэж боломжтой. Одоогоор өргөн мэдүүлсэн төслүүд болон боловсруулж буй төслүүдийн дунд ч электрон тамхийг дурдсан эсвэл Тамхины хяналтын тухай хуулийн заалтуудыг хөндсөн агуулга байхгүй байна.
2. Нийслэлийн засаг дарга 18 насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдаалахыг хориглосон захирамж гаргажээ
Нийслэлийн засаг даргын тамгын газрын Ulaanbaatar.mn вэбсайтад 2023 оны 12 дугаар сарын 25-нд байршуулсан мэдээнд “Нийслэлийн хэмжээнд хүүхдэд электрон тамхи худалдаалахыг хориглосон” гэсэн байна.
Энэ нь электрон тамхины худалдааг бүрэн хориглосон гэсэн үг биш бөгөөд насан хүрсэн буюу 18-аас дээш настай иргэн худалдааны байгууллагуудаас электрон тамхи авах боломжтой гэсэн үг юм. Иймд шалгаж буй мэдээлэл тухайлсан зохицуулалтыг ерөнхийлж мэдээлж, зарим хэсгийг орхигдуулсан тул бүрэн бус мэдээлэл байна.