УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Төрийн хатан эрдэнэ”-ээр өргөмжлөгдөөгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #802

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг энэ жил “Төрийн хатан эрдэнэ”-ээр өргөмжлөгджээ гэсэн тайлбартай мэдээлэл фэйсбүүкт түгэн өндөр хандалт аваад байна

Баримт шалгалтын үр дүн

Дээрх нээлттэй эх сурвалжуудаас дүгнэхэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Төрийн хатан эрдэнэ”-ээр өргөмжлөгдөөгүй бөгөөд шатрын тэмцээнд оролцон шагнал хүртсэн зураг нь түүний талаарх ташаа мэдээлэл түгээхэд ашиглагдсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг энэ жил “Төрийн хатан эрдэнэ”-ээр өргөмжлөгджээ гэсэн тайлбартай мэдээлэл фэйсбүүкт түгэн өндөр хандалт аваад байна (энд, энд). Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатараас өргөмжлөл гардаж буй түүний зургийг “Төрийн хатан эрдэнэ” цол хүртсэн хэмээн тайлбартайгаар мэдээлэл түгээжээ. Мөн мэдээллийн эх сурвалжид “Social Medee” гэх хаягийг харуулсан байна. 

Мэдээлэлд ашигласан зургийн эх сурвалжийг хайхад 2021 оны 01 дүгээр сарын 30-нд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн фэйсбүүк хаягаараа дамжууланУлсын аварга шалгаруулах шатар сонирхогчдын тэмцээнд ажилттай оролцож “Оюунлаг түшээ”-гээр шалгарсан өргөмжлөлөө намрын чуулганы хаалтын өдөр УИХ-ын даргаас гардаж авлаа” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатартай хамт авахуулсан зургаа нийтэлжээ.

Бид тус мэдээллийн эх сурвалжийг олохоор “Social Medee” гэх фэйсбүүк хуудсаас хайхад 2021 оны 01 дүгээр сарын 31-нд ижил гарчиг, зурагтай мэдээлэл нийтлэгдэж байсан бөгөөд тус мэдээллийн холбоос ажиллахгүй болсон байна.

Өөрөөр хэлбэл энэ нь 2023 онд болсон үйл явдлын мэдээ бус 2021 онд нийтлэгдэж байсан мэдээлэл болохыг харж болохоор байна.

  • Хэдийгээр холбоос ажиллахгүй ч CrowdTangle хэрэглүүрээр тархалтыг нягтлах боломжтой байдаг. Уг мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 31-ээс 02 дугаар сарын 2-нд Facebook–т долоон удаа линкийг хавсаргасан пост оруулж, нийт 4660 хариу үйлдэл авсан байна. Жишээлбэл, “Монгол коментод нэгдэцгээе” группэд 2021.02.02-нд оруулсан нь 1106, “Social Medee-Сошиал Мэдээ” пэйжид 2021.01.31-нд оруулсан нь 248 хандалт авсан байна.

“Төрийн хатан эрдэнэ” гэж өргөмжлөл байдаг уу?

Төрийн хатан эрдэнэ гэх өргөмжлөлийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг биш Д.Сарангэрэл 2017-2020 оны хооронд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд ажиллаж байхдаа буюу 2020 оны 05 дугаар сарын 15-нд бусад 6 гишүүний хамт тухайлсан өргөмжлөлөөр шагнагдаж байсныг тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байсан (энд, энд) байна.

Уг мэдээнд ““Төрийн хатан эрдэнэ”-ээр Эрүүл мэндийн сайд Ц.Сарангэрэлийг тодруулсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Ковид 19-тэй тэмцэхэд салбараа манлайлан ажилласан, Төрийн хатан эрдэнэ буюу Монголын төр асрангуй, энэрэнгүй, ард түмэндээ ачлалтай, энэрэлтэй байхын бэлгэ тэмдэг болсон тул эмэгтэй гишүүдийг, эрүүл мэндийн салбарыг төлөөлөн Д.Сарангэрэлийг тодрууллаа хэмээн мэдэгдэв” гэсэн байна. 

Дээрх нээлттэй эх сурвалжуудаас дүгнэхэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Төрийн хатан эрдэнэ”-ээр өргөмжлөгдөөгүй бөгөөд шатрын тэмцээнд оролцон шагнал хүртсэн зураг нь түүний талаарх ташаа мэдээлэл түгээхэд ашиглагдсан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document