2023 оны 12 дугаар сарын 2ны өдөр Altantsetseg Badgar гэх хаягаас “ Байгууллагууд 00-доо оруулахгүй гэвэл 1800-1200 дугаар руу залгаж хэлээрэй. 3сая төгрөгийн торгуультай.” гэх мэдээллийг түгээжээ. Тус мэдээлэл нь нийт 1,500 хандалт, 207 сэтгэгдэл авч, 9 мянга гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 14 дүгээр хурлаар шинэчлэн баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын
8. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг:
- 8.1 Худалдаа үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 5.1-5.2-т заасан тавигдах шаардлагыг хангаж, хуулиар хүлээснээс гадна дараах үүргийг биелүүлж ажиллана
- 8.1.8-д эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөөгөөр иргэд, үйлчлүүлэгчид үнэ төлбөргүй үйлчлэх хэмээн заасан байдаг.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны есдүгээр сарын 30-ны өдрийн А/995 дугаар захирамжид “Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын газруудын үйлчилгээний соёлыг сайжруулж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор үйлчлүүлэгч иргэдэд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр чөлөөтэй, үнэ төлбөргүй үйлчлэх талаар худалдаа үйлчилгээний газруудын холбогдох хууль, тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.” хэмээн дурджээ.
Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн лавлах буюу 1800-1200 дугаараас шалгаж буй мэдээлэлд дурдсанчлан байгууллагууд ариун цэврийн өрөө ашиглуулаагүй тохиолдолд гомдол өгч болох эсэх, гомдол өгсөн тохиолдолд 3 сая төгрөгөөр торгуулдаг эсэхийг тодруулахад “Иргэдийн гомдлыг хүлээн авна гэхдээ шууд 3 сая төгрөгөөр торгохгүй” гэх мэдээллийг өгсөн.
- Иргэдээс ирсэн гомдлыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон харьяа дүүргийн засаг даргын тамгын газар луу мэдэгдэл хүргүүлдэг. Мэдэгдлийн хүрээнд тухайн байгууллагад шаардлага хүргүүлж дараагийн арга хэмжээг авдаг байна.
Иймд аливаа худалдаа үйлчилгээ эрхэлж буй байгууллага ариун цэврийн өрөөгөө үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй хэрэглүүлэх үүрэгтэй ч хэрэглүүлээгүй тохиолдолд шууд 3 сая төгрөгөөр торгохгүй. Харин иргэдээс ирсэн гомдлын дагуу шаардлага хүргүүлдэг байна.
Хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” чиглэлээр:
1.Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор:
- 1.1.тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан;
- 1.2.хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн;
- 1.3.хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” хэмээжээ