12 дугаар сарын 22-нд Бат Лайф гэсэн хаягтай фэйсбүүк хэрэглэгч “Нүүрсний хулгайчдыг барихаар цагдаа нар хөдөллөө” гэсэн тайлбартай олон тооны цагдаа төрийн ордныг тойрон алхаж буй бичлэгийг нийтэлсэн. Бичлэгт цагдаа нар оройн цагаар жагсаалаар төрийн ордон тойрон алхаж буйг харуулсан ба бичлэгийн дуунд ямар нэг тайлбар байхгүй байна.
Бид бичлэгийг Google хайлтын системд зургаар хайх аргаар шалгахад энэ нь 2023 онд болсон үйл явдал биш 2022 оны 12 дугаар сард болсон үйл явдлын бичлэг болохыг тогтоосон. Тодруулбал, энэ нь 2022 оны 12 дугаар сарын 21-нд болсон “Хулгайчдын нэрсийг зарла” гэх уриатай жагсаалыг тарсаны дараа хөдөлж буй цагдаа нарын бичлэг юм.
20 гаруй хоног үргэлжилсэн энэ жагсаал нь “нүүрсний хулгай”-д холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг зарлахыг шаардсан жагсаал байсан юм.
Цагдаа нар төрийн ордныг тойрон алхаж буй бичлэгийг 2022 оны 12 дугаар сарын 21-нд хэд хэдэн хаягаас нийтэлж байсныг харж болно (энд, энд бас энд). Дараах зурагт улаан хүрээнд тодруулсан хэсэгт Гомбосүрэнгийн Эрдэнэтөгс гэх фэйсбүүк хэрэглэгч 12 дугаар сарын 21-нд бичлэгийг нийтэлж байсныг харж болохоор байна.

Дээрх бичлэг нь 2023 оны 12 дугаар сард болсон үйл явдал биш харин 2022 оны 12 дугаар сард болсон жагсаалын дараах үйл явдал байна.