2023 оны 12 дугаар сарын 25-нд Tuya Sanjjav нэртэй хаягаас “Л.Оюун-Эрдэнэ: Монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарлаа.Гадаад өрийн дарамтнаас бүрэн саллаа” гэсэн пост оруулжээ.
Монголбанкны вэбсайтад Гадаад секторын статистик, үзүүлэлт хэсэгт 2023 оны 2-р улирлын байдлаар “Монгол Улсын нийт гадаад өр 33,790 сая ам.доллар буюу хялбарчилбал 33.7 тэрбум ам.доллар гэжээ.
(Үүнийг өнөөдрийн ам.доллар, төгрөгтэй харьцах ханшаар /$1=₮3415/ тооцож үзвэл 115,392,850,000,000 буюу 115.3 их наяд төгрөгийн өртэй гэсэн үг)

2023 оны 2-р улирлын байдлаар улсын нийт гадаад өр 33.7 тэрбум ам.доллар буюу 115.3 их наяд төгрөг байна.
Шалгаж буй мэдээлэлд “12 жилийн өрийн хэлхээнээс гарлаа” гэсэн тул 12 жилийн үзүүлэлтийг татаж авлаа. Уг тайланд улсын нийт өрийг,
- 2011 оны 1-р улиралд 10.9 тэрбум ам.доллар байсан ба
- 2023 оны 2-р улиралд 33.7 тэрбум, 3-р улирлын урьдчилсан дүнгээр 33.9 тэрбум ам.доллар гэжээ.

Энэ тооцооллыг бататгах үүднээс Үндэсний статистикийн хорооны 1212.mn сайтаас Монгол Улсын нийт гадаад өр, улирлаар гэх цэсээс давхар нягталлаа. Энд сүүлийн 12 жилийн үзүүлэлт оруулаагүй, хамгийн эртнийх нь 2015 оны 1-р улирал буюу 8 жилийн өмнөхөөс эхэлж сонгох боломжтой байна. Тиймээс Монгол Улсын нийт өр, мөн Засгийн газрын өр гэсэн үзүүлэлтийг 2015 оны 1-р улирал болон 2023 оны 3-р улирал гэсэн сонголтоор харлаа.

Монгол Улсын нийт гадаад өр 2023 оны 2-р улиралд $33.7 тэрбум байна.
Өрийн удирдлагын тухай хуулийн 6.5-д ил тод байдлыг хангах зарчмыг тусгаж өгсөн. 6.5.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг улирал тутам олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх;” гэж тусгажээ. Мөн уг хуулийн 11.1-д Монголбанк өрийн удирдлагын хүрээнд хэрэгжүүлэх чиг үүргийг заасан ба 11.1.1-д “улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улирал тутам санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гаргаж, олон нийтэд мэдээлэх;” гэсэн байна. Энэ хуулийн дагуу Монголбанк болон бусад төрийн байгууллага улсын нийт өрийг улирал тутамд гаргаж, нээлттэй байршуулдаг.