Монгол хэл бичгийн дүрэмд өөрчлөлт оруулаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #795

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Монгол хэл бичгийн дүрмийг өөрчлөхгүй хэвээр нь үлдээгээрэй гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Монгол хэл бичгийн дүрэм 1983 оноос хойш огт  өөрчлөгдөөгүй бөгөөд Ц.Дамдинсүрэн,  Б.Осор нарын журамласан толь бичгийн дагуу толь бичгийг 2018 онд шинэчилсэн байна.

2021 оны 11 дүгээр сарын 14-нд  “БШУ-ны Энх-Амгаланд гаргах хүсэлт: Монгол хэл бичгийг Ц.Дамдинсүрэн гуайн зөв бичгийн дүрмээр нь үлдээх шийдвэр гаргаж өгөөч” гэх мэдээллийг түгээсэн нь нийт 1,800 реакц, 193 сэтгэгдэл авч, 16 мянга гаруй удаа цааш түгээгджээ. Тус мэдээллийг 2023 оны 1-2 дугаар сард, улмаар 11 дүгээр сараас эхлэн дахин шэйрлэж, хамгийн сүүлд 12 дугаар сарын 24-нд Geeye Geeye гэх хаягаар хуваалцсан байна.  

Шалгаж буй мэдээлэлд “Монгол хэл бичгийн дүрмийг Дамдинсүрэн гуайн зөв бичгийн дүрмээр үлдээнэ үү” гэж дурдсан нь Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд гаргасан албан ёсны Монгол үсгийн дүрмийг өөрчилсөн гэх ойлголтыг өгч байна. 

Иймд тус агуулгын хүрээнд Монгол хэл бичгийн /кирилл/ дүрмийг өөрчилсөн эсэхийг шалгаж үзэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монгол ТВ, Монцамэ, болон IKON зэрэг сайтад Ц.Дамдинсүрэнгийн журамласан дүрмийг гарсан цагаас нь хойш өөрчлөөгүй хэмээжээ. 

2016 оны есдүгээр сарын 8-ны өдрийн Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 05 дугаар тогтоолоор Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны тольд хавсаргасан үсгийн дүрэмд нийцүүлэн толь бичиг бүтээхийг үүрэг болгож байсан.

Иймд монгол хэл бичгийн дүрэм 1983 оноос хойш огт  өөрчлөгдөөгүй бөгөөд Ц.Дамдинсүрэн,  Б.Осор нарын журамласан толь бичгийг 2018 онд шинэчилсэн байна.

Түүнчлэн Монгол TV-ийн сайтад  “… орчин цагийн Монгол хэлний үүсэл, зөв бичгийн дүрмийн тухайд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн хурлаар 1941 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Монгол хэлний шинэ үсгийг хэрэглэх тогтоол батлагдаж, 1946 онд бүх нийтээр албан ёсоор кирилл бичгийг хэрэглэж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл монгол хэл, бичгийн дүрэмд огт өөрчлөлт ороогүй юм байна” гэжээ.  

Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор,  2018 оны журамласан толь бичгийг боловсруулсан Ажлын хэсгийн гишүүн М.Базаррагчаа IKON сайтад өгсөн 2020 оны ярилцлагадаа 1941 оны кирилл үсгийн дүрмийг сүүлд 1983 онд Ц.Дамдинсүрэн гуай нэлээд боловсронгуй болгон журамлаж, жижиг толь бичиг гаргасан. Тэр цагаас хойш монгол хэлний кирилл бичгийн дүрэм огтоос өөрчлөгдөөгүй…Харин хуучин буруу бичиж хэвшсэн цөөн хэдэн үг байсныг зөв болгон оруулсан…” гэсэн байна.

Монцамэ Агентлагийн 2022 оны 5 дугаар сарын 4-нд гарсан мэдээлэлд  Эх хэл бичгийн сан хөмрөг, лабораторийн эрхлэгч, доктор С.Энхжаргал “…2018 оны “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” 38 мянган толгой үгтэй болсон. Гадаад үгийн бичлэгт тодорхой заалт оруулсан болохоос дүрмийн өөрчлөлт ороогүй. Үндсэн дүрэм өөрчлөгдөөгүй ч цаг хугацааны эрхээр, үгийн сан баяжихын хэрээр монгол хэлний үгийн сан баяжиж байна. Үгийн бичлэгийг өөрчлөх өөрчлөлт, зарим дүрэмд нэмэлт тайлбар, тодруулга орсон…” хэмээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document