Хулгана дээр хийсэн туршилтаар хүний нийгмийн харилцааг дүгнэх боломжгүй гэж үзжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #790

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Жон Калхауны туршилтыг Монголын халамжийн бодлоготой жишиж үзэх хэрэгтэй гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй мэдээлэл дэх туршилт хийсэн нь үнэн ч туршилтын үр дүн халамжилж, бүхнийг бэлэн байлгаснаас бус, харин хэт их нягтаршсан хархны тоо толгойгоос үүдэлтэйг гуйвуулан тайлбарласан байна. Мөн ганц туршилтаас хүний нийгмийн харилцааг дүгнэх боломжгүй бөгөөд олон судлаач тус туршилтын үр дүнг өөр өөрийн байр сууриар тайлбарласан байна.

2023 оны 11 сарын 13-ны өдөр Аархал гэх хуудаст “Оготны Ертөнц ба нийгмийн сүйрэл” гэх мэдээлэл оруулжээ. Уг мэдээлэлд, “Түүхэн дэх хамгийн хачирхалтай шинжлэх ухааны туршилтыг доктор Жон Калун хийсэн юм. Тэрээр оготны нийгмийн бүтцийг судлах замаар хүний нийгмийг  тайлбарлах зорилго тавьжээ. Ингээд тэрээр хоол, хүнс хангалттай, дулаан байр бэлэн Оготны Диваажинг байгуулсан байна. Оготны Диваажинд эхлээд тэрээр 4 хос оготно оруулжээ. Нэгэнт бүх зүйл бэлхэн учир эхэндээ үржил маш хурдтай явагдсан байна. 1 жилийн дараа гэхэд оготны тоо 620 болсны дараа үржил удааширч эхлэв. Хэдийгээр талбайн хувьд 3840 оготно тухтай амьдарчихаар байсан боловч нийт оготны тоо 2200 хүрсний дараагаас өсөлт тэг зогсчээ…” гэх мэтээр туршилтын явцыг дурдаад, “Манай нэг Япон захирал түүний 25 настай хүү нь гэрээс гарах сонирхолгүй, болзоонд явдаггүй байнга компьютерийн өмнө суух болсон нь санааг нь зовоох болсон талаар ярьсан. Мөн саяхан Хятадын засгийн газар эмэгтэйлэг имижтэй эрэгтэй поп одуудыг ТВ-ээр гаргахыг хориглосон шийдвэр гаргаад байгаа. Манай улсын хувьд хэт их халамж, компанийн захирлууд ажил хийх хүн олдохоо байсныг халаглах ярих зэргээс бас жишиж үзэж болно” гээд, “Жон Калун докторын үзэж байгаагаар хоол унд олох, өрх гэрээ авч явах буюу АМЬДРАЛЫН ЗОРИЛГО үгүй болсноор оготны нийгэм сүйрсэн. Тэгэхээр бид энэ их хавтгайрсан халамж, налайсан байдлаа анхаарч харах цаг болсон гэх мэт тайлбартайгаар Жон Калхауны туршилт хийж буй зурагтай хавсарган оруулжээ. Нийт 363 хандалт, 14 сэтгэгдэл авч, 444 удаа цааш түгээгдсэн байна. 

Тус мэдээллийг 2021 оноос хойш жил бүр давтамжтайгаар түгээж байгаа юм.

Шалгаж буй мэдээлэлд дурдсан туршилтыг АНУ-ын ёс зүйн системийн судлаач Жон Калхаун 1968 онд эхлүүлж 1973 онд дуусгасан. Судлаач Жон Калхауны магистр болон докторын зэрэг хамгаалсан дипломын сэдэв нь “Норвег хархны 24 цагийн хэмнэл” байсан бөгөөд харх дээр суурилсан туршилтын судалгааг 1947 оноос эхэлж хэд хэдэн удаа хийсэн байна. 1968 онд эхлүүлсэн “Ертөнц 25” туршилтын үр дүнд шалгаж буй мэдээлэлд дурдсан халамжилж, бүхнийг бэлэн байлгаснаас бус жижиг орон зай дахь тоо толгойн хэт өсөлт нь нөлөөлсөн гэж үзсэн. Тэрээр “Хүн амын нягтрал ба нийгмийн эмгэг” нийтлэлдээ “Бидний биет орон зай багасах тусам бид үзэл баримтлалын орон зай болох үзэл санаа, технологийн сүлжээг бий болгохоос өөр аргагүй болдог.” гэж дүгнэсэн бөгөөд хожим нь карьераа тэрээр боломжит шийдлүүд рүү чиглүүлж, хэт их ачааллаас үүсэх сөрөг нөлөөг багасгахын тулд бүтээлч орон зай, орчлон ертөнцийг байгуулах зүйтэй гэж үзжээ.

  • Зохиолч Эдмунд Рамсден  “хархнууд бөөгнөрлөөс болж зовж шаналж магадгүй, гэвч хүн төрөлхтөн үүнийг даван туулж чадна” гэж үзсэн бөгөөд “ёс суртахууны доройтол нь нягтралаас биш, харин нийгмийн хэт их харилцан үйлчлэлээс үүдэлтэй” хэмээжээ. 
  • Францын газарзүйч  Жан Готтман асуудал нь тоондоо биш, зохион байгуулалттай холбоотой байсан гэж үзсэн бөгөөд хувийн нууцлал, хамтын нийгэмлэгийн хангалттай орон зайг хангаж чадаагүйн улмаас хотын бөөгнөрөл үүссэн гэж тодорхойлжээ. 
  • Лазарус, Коэн нарын “Хүрээлэн буй орчны стресс” (1977), Смитийн “Хот ба нийгмийн онол” (1980), Стоколсийн  “Нягтрал ба бөөгнөрөл хоорондын ялгаа: ирээдүйн судалгаанд зарим нөлөө” (1972) зэрэг бүтээлд “Калхауны бүтээсэн талбайд мэрэгч амьтад тэмцэж байсан ч хүмүүсийн соёл, нийгмийн зохион байгуулалт, технологийн шинэчлэлийн чадвар нь бөөгнөрлийг даван туулах чадвартай байсан” гэж үзжээ. 
  • Мөн Фишер “Хотжилтын дэд соёлын онол”-доо нягтрал ихтэй газрууд нь ихэвчлэн эмгэг төрүүлэгч зан үйлийг харуулах ч хамт олон, инновац, бүтээлч байдлыг нэгэн зэрэг дэмжсэн дэд соёлыг хөгжүүлэх боломжийг олгодог гэх санааг дэвшүүлсэн байна.

Иймд шалгаж буй мэдээлэл дэх туршилт хийсэн нь үнэн ч туршилтын үр дүн халамжилж, бүхнийг бэлэн байлгаснаас бус, харин хэт их нягтаршсан хархны тоо толгойгоос үүдэлтэйг гуйвуулан тайлбарласан байна. Мөн ганц туршилтаар хүний нийгмийн харилцааг дүгнэх боломжгүй бөгөөд олон судлаач тус туршилтын үр дүнг өөр өөрийн байр сууриар тайлбарласан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document