Хятадын хаанаас ч хайгаад олдоогүй вирус хүүхдүүдийн уушгийг устуулж байна гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #788

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хятадад гарсан уушгины хатгааны талаар мэдээллээ нуугаад ташаа мэдээлэл өгөөд байгаа Хятадын засгийн газарт ДЭМБ дургүйцлээ илэрхийллээ”, “Хятадын хаанаас ч үүсгүүр бактер нь олдохгүй байна”, “Энэ вирус ч юм уу, бактери ч юм уу бүдүүлэг биет хүүхдүүдийн уушгийг устуулж байна” зэрэг агуулгыг дурдсан пост оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

БНХАУ-д хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчин нэмэгдсэнд шинэ үүсгүүр тодорхойлогдоогүй. Уушги устах үзэгдэл маш ховор гэдгийг тус улсын эрүүл мэндийн байгууллагууд мэдээлсэн байна.

2023 оны 12 дугаар сарын 11-нд Tserenkhuu Ishtseden нэртэй хэрэглэгч “Онц шуурхай мэдээ” гэх гарчигтай пост оруулсан нь 12 дугаар сарын 12-ны байдлаар 2.5 мянган реакц, 251 сэтгэгдэл, 2.8 мянган share авчээ. Тус постод дотор эрхтний идээг харуулсан зургийг хавсаргаад, тайлбарт нь:
“Хятадад гарсан уушгины хатгааны талаар мэдээллээ нуугаад ташаа мэдээлэл өгөөд байгаа Хятадын засгийн газарт ДЭМБ дургүйцлээ илэрхийллээ”, “Хятадын хаанаас ч үүсгүүр бактер нь олдохгүй байна”, “Энэ вирус ч юм уу, бактери ч юм уу бүдүүлэг биет хүүхдүүдийн уушгийг устуулж байна” зэрэг агуулгыг дурдсан байна.

Хэрэглэгчийн постод хавсаргасан зургийг Google Reverse image search хэрэглүүр ашиглан хайхад Wikimedia системд бүртгэлтэй зураг байна. Тус зургийг анх 2009 онд системд бүртгүүлсэн байх ба тайлбар нь “Дэлүү авах хагалгааны дараа эрхтнийг задалж үзэхэд идээлсэн шүүс гарч байгаа нь” гэсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны вэбсайтын Өвчний тархцын мэдээ цэсэд Хятадад бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн тухай мэдээг хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 23-нд байршуулжээ.

Энэ оны 10 дугаар сараас БНХАУ-д бага насны хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр өвдөх нь ихэссэнтэй холбогдуулан тус улсын өвчний тархцын тогтолцооны өгөгдөлд ДЭМБ тогтмол хяналт тавьсаар байна.

2023 оны 11 дүгээр сарын 13-нд Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны хэвлэлийн бага хуралд Ковид-19 өвчний хөл хоригийг бүрэн цуцалсантай холбоотойгоор өмнө байсан амьсгалын замын өвчнүүд бага насны хүүхдүүдийн дунд дэгдэх нь ихэссэн тухай мэдээлсэн. Өвчний үүсгүүр нь томуу, Mycoplasma pneumonia буюу микоплазмын халдвар үүсгэгч, RSV буюу синцитиал вирус, Sars-CoV-2 буюу коронавирус зэрэг байна.

2023 оны 11 дүгээр сарын 23-нд хэвлэл мэдээллээр болон ProMED систем дээр Бээжин, Лиаонин болон бусад газраар өвчний үүсгүүр тодорхойгүй хатгаа үүссэн гэх мэдээлэл их түгсэн. ДЭМБ Хятадын өвчний тархцын мэдээлэл, клиник өгөгдлүүд, вирусүүд дээр хийсэн лабораторийн туршилтын тайлан зэрэгтэй танилцах хүсэлт гаргасны дагуу тус улсын засгийн газар зөвшөөрч цахим хурал хийв. Ингэхэд ямар нэг тодорхойгүй вирус эсвэл үүсгүүрээс юу нь мэдэгдэхгүй өвчин үүссэн тохиолдол байхгүйг Хятадын талаас мэдээлсэн болно.

ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээгээр Хятадад одоо тархаад байгаа өвчнүүд нь шинж тэмдгийн хувьд нийтлэг тохиолддог, шинэ биш өмнө байсан үүсгүүрүүдээс үүссэн. Тэр дундаа өндөр тохиолтой байгаа Микоплазмын шалтгаант хатгаа нь бага насны хүүхдүүдэд элбэг тохиолддог, насанд хүрсэн хүн хөнгөн тусдаг, хүндрэх магадлал нь хүүхдүүдэд харьцангуй өндөр ба энэ үед антибиотикоор эмчилдэг. Хэдийгээр тохиол бүрийг нарийвчлан шинжлэх боломжгүй ч өвлийн улиралд амьсгалын замын өвчлөл өсөх нь шинэ үзэгдэл биш. Хятадын Үндэсний томуу өвчний төвийн өгсөн мэдээллээр томуу төст өвчин л олон жилийн үзүүлэлтээс харьцангуй өндөр байна.

ДЭМБ: Хятадын хойд хэсгээр бага насны хүүхдүүдийн дунд дэгдсэн амьсгалын замын өвчин

Хятадын хойд хэсэг дэх амьсгалын замын өвчлөлд голлон тохиож буй микоплазмын шалтгаант хатгааны тухай Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны хэвлэлийн бага хурлын үеэр Бээжингийн Амьсгалын замын өвчний институтийн захирал Тонг Жаохуй хэлсэн нь:
“Mycoplasma pneumoniae нь амьсгалын замын халдварт өвчний түгээмэл үүсгүүрүүдийн нэг. Жил болгоны намар, өвлийн улиралд хүүхдүүдийн дунд тархалт нь нэмэгддэг. Агаар дуслын замаар халдварладаг учраас сургууль, цэцэрлэг зэрэг олноор цугласан газар голомтолдог. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа өвчтөнүүдээс микоплазмын нуклейн хүчлийн шинжилгээ авахад насанд хүрэгчдийн 5.59%, хүүхдүүдийн 40.34%-д нь илэрсэн. Илрэх шинж тэмдгийн хувьд томуу төст өвчин, шинэ коронавирус зэрэгтэй төстэй. Эхлээд хүчтэй хуурай ханиалгадаг, дараа нь толгой өвдөх, нус гоожих, хоолой болон чих өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Микоплазмын хатгааны хүндэрсэн тохиолдол цөөхөн, хөнгөн шинж тэмдэгтэй өвчтөнүүд л их байна. Хүндэрсэн тохиолдолд зөвхөн уушги гэлтгүй бусад эрхтнүүдэд нөлөөлнө. Гуурсан хоолой үрэвсэх, уушги устах цаашлаад мэдрэлийн тогтолцоо, шээс ялгаруулах эрхтэн тогтолцоо, цусны эргэлтийн эрхтэн тогтолцоонд хүндрэл учирч болзошгүй. Гэхдээ ийм тохиолдол бага байгааг онцолъё” гэсэн байна.

ДЭМБ-ын мэдээнд дурдсан, өвчний тархац их байгаа Лиаонин мужийн эрүүл мэндийн хорооноос зөвлөмж гаргасан байна.

Олон нийтийн сүлжээгээр ч микоплазмын шалтгаант хатгаа гэх нэр томьёо хамгийн их хайлттай байна. Микоплазмын вирусийн халдвар авсан хүүхдийн уушгийг рентген туяагаар харахад энгийн үед илэрдэггүй цагаан сүүдэр гарч ирдэг. Үүнийг эцэг эхчүүд шууд хүндэрсэн хатгалгаа гэж ойлгоод уушги устсан байна гэж айж, сандрах нь нийтлэг. Гэвч үнэндээ уушгины аль нэг дэлбэн үрэвсэж, үрэвслийн шалтгаан нэвчдэс ажиглагдаж байна гэсэн үг. Энэ нь хэвийн.

Уушги устах гэдэг ондоо. Уушгины үрэвслийн маш хүнд үед л тохиох ба цээж давчдаж, амьсгалахад тээртэй болдог. Хэдий амьсгалах боломжтой ч уушги тэр чигтээ эмчлэх боломжгүйгээр устчихсан байдаг.

Харин микоплазмын халдвар авлаа гээд хатгаа болохгүй, зөвхөн амьсгалын дээд замыг өвчлүүлээд хүндрэхгүй байх нь нийтлэг. Хүндрээд хатгаа болж ч болох ба тэр үед нэвчдэс ажиглагдвал айх зүйлгүй. Микоплазмын халдвар аваад хүндрээд хатгаа болж хүндэрсэн нийт тохиолдлын 1% хүрэхгүйд нь л уушги устах эрсдэл нүүрлэх боломжтой. Энэ магадлал бусад амьсгалын замын нийтлэг өвчнүүдэд ч ойролцоо ажиглагддаг.

БНХАУ Лиаонин мужийн эрүүл мэндийн хороо

Бид Монгол Улс дахь томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Статистик мэдээллийн хэлтэстэй утсаар холбогдож тодруулав. Ингэхэд:
“Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжлийн шар түвшинд байна. Булган, Дархан-Уул, Сүхбаатар зэрэг аймаг улбар шар түвшинд шилжсэн. Гэхдээ өвчлөлийн тоо өдөр тутам нэмэгдэж байгаа тул дараагийн түвшинд шилжих эрсдэлтэй байна. Бидэнд байгаа тандалтын нөхцөл байдлын дүнгээр 2,345 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байгаа. Вирус судлалын тандалтаар синцитиалвирус, аденовирус, метапневмовирус хамгийн түгээмэл байна. Одоогоор манай улсад БНХАУ-д дэгдээд байгаа микоплазмын шалтгаант хатгаа бүртгэгдээгүй байна. ХӨСҮТ энэ чиглэлээр эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад микоплазмын хатгаа дэгдэх эрсдэл “дунд” гэж гарсан” гэж хариуллаа.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document