Мэргэжлийн эмнэлэгт хандаж шүдээ нөхүүлэх нь зүйтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #768

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Шүд нөхөгч хиймэл яс ашиглаж унасан шүдийг нөхнө гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Шүдний асуудалтай тулгарсан үед мэргэжлийн эмчид хандаж, зохих эмчилгээг хийлгэхгүй бол хүндрэх аюултай.

2023 оны 10 дугаар сарын 30-нд Бидний online shop нэртэй пэйжид “Шүд нөхөгч хиймэл яс” гэх бүтээгдэхүүний сурталчилгааг байршуулж 1 мянган реакц, 977 сэтгэгдэл, 1.4 мянга орчим шэйр цуглуулжээ. Хавсаргасан бичлэгт бөмбөлөг давирхайг усанд уусгаж шүдний хэлбэрт оруулсныг шүдгүй хоосон буйлан дээр нааж байгааг харуулсан байна.

IFCN буюу Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн, Энэтхэгийн THIP Media баримт шалгах төв ижил бүтээгдэхүүнийг шалгаж, аюултайг мэдэгдсэн байна.

Унасан шүдийг шүдний эмчийн шаардлагагүйгээр нөхөх нь зүйтэй юу?

Үгүй. Унасан шүдийг мэргэжлийн эмчийн тусламжгүйгээр гарын дор материалаар нөхөж болохгүй. Энэ үйлдэлд уриалсан бүтээгдэхүүнүүд нь аюултай. Учир нь шүд шинээр суулгах процесс мэргэлжийн ур чадвар, туршлага шаардсан ажил. Буруу суулгасан шүд, шүдэлбэр нь тухгүй мэдрэмж төрүүлэх, өвтгөх, халдвар үүсгэх, мөн буйл, бусад эрүүл шүдэнд ч гэмтэл учруулах боломжтой.

Мөн завсраар нь хоолны үлдэгдэл орсноор амнаас өмхий үнэртэх, бусад шүдийг хорхойтуулах, эрүүл шүднүүдээ авхуулах ч эрсдэл учруулж болзошгүй. Урт хугацаандаа энэ гэмтэл нь буйлаа тайруулах, ясны өвчин авах эрсдэл дагуулна. Сайтар бэхлээгүй бүтээгдэхүүн унтаж байх хоол зажилж байх үед унаж хоолойнд тээглэж болно. Бид эрүү, шүдний мэс засалч Пүжи Бардважтай ярилцлаа. Тэрээр “Хэрэв бага насны хүүхэд бол сүүн шүд нь ургахад араас нь ясан шүд ургана. Ясан шүд нь ургаад унасан тохиолдолд зайлшгүй мэргэжлийн эмчид ханд. Мэргэжлийн эмч имплант суулгах, хөдөлдөггүй гүүрэн шүдэлбэр суулгах, авч болдог хиймэл шүд хэрэглэх зэрэг танд тохирсон олон боломжит хувилбарыг санал болгоно. Шүд унах нь гадаад үзэмжид таагүйгээс гадна завжны ажиллагаа, хооллох, ярих зэрэгт саад болдог. Үүнийг дур мэдэн ахуйн нөхцөлд аргацаалгүйгээр мэргэжлийн эмчид хандаарай” гэж зөвлөлөө.

THIP Media баримт шалгах төв

Доорх тохиолдлуудыг эмнэлгүүд рүү ярьж баталгаажуулсан болно.

11 дүгээр сарын 26-нд BB Dental Clinic шүдний эмнэлгийн пэйжид сэрэмжлүүлэг байршуулжээ. Сэрэмжлүүлэгт:
“Үйлчлүүлэгч Б нь энэхүү хиймэл яс гэх зүйлийг авж хэрэглэсэн байсан ба өөрийн шүд өвдсөн гэх зовиуртай ирсэн.
Тухайн зүйлийг авсны дараа буйл үрэвссэн үнэр ихтэй хажуугийн 2 шүд цоорсон байв. Шүдээ авахуулсан л бол хиймэл шүд хийх зайлшгүй шаардлагатай байдаг ба эмнэлгийн нөхцөлд л хиймэл шүдэлбэрийг хийж үйлчилдэг. Тиймээс та бүгд ийм зүйлд итгэн мөнгө болоод эрүүл мэндээрээ бүү хохироорой” гээд дараах зургийг хавсаргасан байна.

Тус постыг Nova Implant шүдний эмнэлэг пэйж хуудсандаа “Манай эмнэлэг дээр хүртэл яг ингээд авч чадахгүй, буйл үрэвсэлтэй, шүд өвдсөн, зовуурьтай орж ирсэн шүү! Та бүхэн ямар нэг байдлаар хэн нэгний зөвлөсөн мэргэжлийн бус эмчилгээ, зөвлөгөөг бүү дагаач. Шүд хайхрамжгүй хандаж өвдөхөөр нь аваад л хаячихдаг амь наснаас холуур зүйл биш ээ. Шүднээс болж жилд хэдэн мянган хүн амь насаа алдаж байна. Өөртөө хайртай байгаач” гэх тайлбартай мөн хуваалцсан байна.

Эмнэлгүүдээс тодруулахад хоёр өвчтөнд ноцтой хүндрэл азаар учраагүй, зэргэлдээ шүднүүдийн зарим нь хорхойтсон, буйл нь үрэвссэн байсанд зохих эмчилгээ хийснийг мэдэгдсэн болно.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document