Чихэрлэг ундаа болон үс халзралын уялдааг бүрэн тогтоогоогүй байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #765

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Энергийн ундаа уух нь халзрал үүсгэдгийг тогтоосон гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Зөвхөн энергийн ундаа гэлтгүй бүх төрлийн чихэрлэг ундааны их хэрэглээ болон халзралтын хооронд хамаарал илэрсэн ч тогтоосон судлаачид бүрэн дүгнэлт хийх болоогүйг анхааруулсан байна.

2023 оны 10 дугаар сарын 17-нд scope-oth нэртэй Instagram хаягт байршуулсан нэгэн бичлэг одоогийн байдлаар 5.2 мянган реакц, 79 сэтгэгдэл, 1.4 мянган шэйр авчээ. Бичлэгт гарах хүн “Хятадын Tsinghua их сургуулийн эрдэмтэд 18-аас 45 насны эрчүүд дээр судалгаа хийсэн. Энержи дринк уусан хүмүүст ямар үр дүн гарсаныг судалтал халзралт үүссэн. Үзэж байгаа залуучууд М хэлбэрийн халзралт эхэлсэн л бол сахараа боль. Энержи дринк, газтай ундаа уухаа зогсоо. Сахарын глюкоз үсний булцууд очингуутаа ургах процессийг зогсоож байгаа” гэсэн байна.

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн вэбсайтад холбогдох түлхүүр үгсээр хайлт хийхэд 2023 онд байршуулсан “Чихэрлэг ундаа үс уналттай холбоотой юу?” гэх гарчигтай мэдээний илэрц олдлоо. Тус мэдээнд Цинхуа их сургуулийн Ванкэ Нийтийн эрүүл мэндийн сургуулийн шим тэжээл ба өвчний тархалт судлаач, доктор Ай Жао хийсэн судалгааныхаа талаар дүгнэлтийг хүргэжээ.

Цинхуа их сургуулийн шинэ судалгаагаар чихэрлэг ундааг их хэмжээгээр уух нь эрэгтэйчүүдийн дундах андрогенийн халзралтын /эрчүүдийн дунд хамгийн нийтлэг үс уналтын хэлбэр/ тохиох магадлалыг 3 ба түүнээс дээш дахин нэмэгдүүлэх боломжтой гэх дүн гарлаа. Гэхдээ цааш илүү судлах шаардлагатай.

Судалгаанд 18-45 насны 1,028 эрэгтэйг хамруулсан. Андрогенийн халзралт нь 18-29 насны эрчүүдийн дунд 18%, 40-49 насны эрчүүдийн дунд 50%-тай илэрдэг. Үүнийг дааврын солилцоо, удамшлын мэдээлэл, хооллолт зэрэг олон шалтгаантай холбон тайлбарладаг.

Ай Жаогийн судалгаагаар чихэрлэг шүүс, эрч хүчний ундаа болон чихэртэй сүү, цай, кофе зэргийг долоо хоногт 7-оос дээш удаа хэрэглэдэг эрчүүдийн дунд үс уналт чихэрлэг ундаа бага хэрэглэдэг бүлгээс 3.36 дахин их илэрсэн.

Жаогийн хэлж буйгаар хэдийгээр судалгааны бүлгийг нийгэм эдийн засгийн байдал, хооллолт, амьдралын хэв маяг зэргээр нь тэнцвэртэй хамруулсан ч шууд дүгнэлт хийх бүрэн хүрэлцээтэй биш аж. Судалгааг оролцогчийн өөрийн бөглөсөн санал асуулгад тулгуурлан гаргасан. Судалгааны орчин бүрдүүлж клиник шинжилгээ хараахан хийгээгүй учраас зарим нэг алдаа эсвэл хэвийлт гарсан байх магадлалтай юм байна.

Мөн судалгаагаар 13-29 насныхны дунд чихэрлэг ундааны хэрэглээ хамгийн өндөр буюу тэдний 22% нь чихэрлэг ундаа тогтмол хэрэглэдэг байжээ.

Цинхуа их сургуулийн мэдээ: “Чихэрлэг ундаа үс уналттай холбоотой юу?”

Судалгааны ажлын удирдагч зарим алдаа гарсан байх магадлалтайг сануулсан байна.

Арьс судлалын чиглэлээр дагнан мэдээлэл бэлтгэдэг Dermatology Times вэбсайт судлаач Ай Жао-г урьж ярилцлага хийжээ. Ярилцлагад мэдээлснээр:
“Үс унаад байна, халзраад байна гэж гомдоллодог бидний нөхөд эрүүл бус хооллолттой буюу чихэрлэг ундааг хэтрүүлэн хэрэглэдэг болж таарлаа. Чихэрлэг ундаа огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад долоо хоногт 7-с дээш давтамжтай чихэрлэг ундаа хэрэглэдэг хүмүүс андрогенийн халзралтад өртөх магадлал 3.36 дахин их байна.
Чихэрлэг ундаа болон халзралтын хооронд олон шууд болон шууд бус механизм байх боломжтой. Андрогенийн халзралтын биохимийн шинж тэмдэг полиол бодисын хэт идэвхжилтэй хамааралтай байдаг. Чихэрлэг ундаанд байх сахар нь ийлдэс дэх глюкозын төвлөрлийг нэмэгдүүлж байж болно. Сахар эсвэл сахар орлуулагч ашигласан ундааны хувьд үс уналттай холбогдох байдал ялгаагүй байсан.
Гэхдээ судалгааны ажлын дүгнэлтэд завсрын нөлөө байж болзошгүй нь ‘Ужиг өвчин болон сэтгэл түгших эмгэг нь чихэрлэг ундаа их хэрэглэхэд хүргэдэг байх боломжтой. Нэг ёсондоо ужиг өвчин, сэтгэл санааны зарим асуудлууд нь чихэрлэг ундаа их уухад хүргээд, ингэснээрээ үс уналт үүсгэдэг ч байж болох’. Чихэрлэг унд болгоныг үс уналттай холбоход хэцүү. Жишээ нь цай болон кофенд буй кафейн чихрийн нөлөөллийг багасгаж болно. Бас оролцогчийн хариултад үндэслэн гаргасан тул зарим алдаа байхыг үгүйсгэхгүй. Иймд дан манай судалгаанд үндэслэж халзралтыг оношлох, эмчлэх, түүнээс сэргийлэх аргачлалд өөрчлөлт оруулахад хүндрэлтэй. Бас судалгаа нэг сарын турш үргэлжилсэн тул зөвхөн 1 сарын ундны хэрэглээгээр бүх амьдралын турш үргэлжилдэг халзралтыг тайлбарлахад хэцүү. Цаашид ундаа ч гэлтгүй идэж хэрэглэх хүнсэнд байх сахар ямар нөлөөтэй байж болохыг судлах хэрэгтэй. Мөн үс халзралттай тэмцэхэд зөвхөн хүнсний зохицуулга хангалтгүй буюу олон төрлийн эмчилгээ шаарддаг” гэсэн байна.

Хэдийгээр шалгаж буй мэдээлэлд дурдсан судалгааг хийсэн нь үнэн ч судалгааг удирдсан эрдэмтэд бүрэн дүгнэлт хийхээс татгалзаж байхад зарим чухал өнцгүүдийг орхигдуулсан нь мэдээллийг БҮРЭН БУС дамжуулсан байна. Уг судалгаанд дангаар үндэслэж эмнэл зүйн дүгнэлт хийхээс болгоомжлохыг ч сануулжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document