Монгол өвчтөнүүдийн элэгний хорт хавдрын дээжээс хүрээлэн буй орчны хүчин зүйлээс шалтгаалсан мутац илэрсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #762

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Шахмал түлшнээс үүдэлтэй шинэ төрлийн элэгний вирус гарч зөвхөн монголчууд өвдөөд байна гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

Монгол өвчтөнүүдийн элэгний хорт хавдрын дээжээс хүрээлэн буй орчны хүчин зүйлээс шалтгаалсан мутац илэрсэн. Харин түлшнээс шинэ төрлийн вирус гарч ирсэн гэх мэдээлэл үндэслэлгүй.

2023 оны 11 дүгээр сарын 16-нд tovch.mn нэртэй пэйжид “Д.Энхтуяа: Шахмал түлшнээс үүдэлтэй шинэ төрлийн элэгний вирус гарч зөвхөн Монголчууд өвдөөд байна” гэх тайлбартай бичлэгийг оруулжээ. Бичлэгт “ХСҮТ-ын захирал Эрдэнэхүү эмч орны лабораторид манай элэгний хорт хавдраар өвчлөөд байгаа хүмүүсийн вирусийг судалж шинжлэхэд зөвхөн энэ шахмал түлшний хорт бодисноос үүсэлтэй дэлхий даяар ерөөсөө одоо бүртгэгдээгүй ийм шинж төрлийн элэгний вирус гарчихлаа. Энүүгээр зөвхөн Монгол хүмүүс өвддөгийг хэлээд байна” гэж хэлэх ба тус пост 11 дүгээр сарын 27-ны байдлаар 122 реакц, 17 сэтгэгдэл авч 7.6 мянган үзэлттэй байна.

Мөн ижил агуулгатай постыг Баасанжавын Отгон нэртэй хаягт 11 дүгээр сарын 16-нд байршуулсан байсан ч устгасан.

Элэгний хорт хавдар үүсгэх вирусээс гадна ер нь вирус гэж юу болох талаар ерөнхий ойлголтод үндэслэж түлшнээс элэгний хорт хавдар үүсгэх вирус үүсэх эсэхийг тайлбарлах боломжтой. Nature сэтгүүлийн вирусийн талаарх тайлбарт:
“Вирус янз бүр. Полиовирус нь РНХ геномтой, Хомхойн вирус нь ДНХ геномтой. Томуу, томуу төст өвчний вирусийн геном дан хэлхээнээс тогтдог бол салхин цэцгийн вирус геномын давхар хэлхээтэй. Тэдний бүтэц, хуваагдах зарчим зэрэг нь ялгаатай. Гэхдээ нийт вирус хоорондоо зарим шинжээрээ ижил байна. Жишээлбэл,

  • Вирус бүгд жижиг буюу 200 нанометрээс бага диаметртэй
  • Вирус зөвхөн халдварлуулсан эзэн эсээрээ дамжуулан хуваагддаг г.м.

Вирусийг амьд эсэх дээр эрдэмтэд одоо ч нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй. Вирус хаанаас үүссэнийг тайлбарлах “дэвшилтэт“, “урвуу” болон “вирус анхдагч” гэсэн 3 том таамаглал бий. Аль ч таамаглалд вирус нь амьд организм, тэдгээрийн эс, гений элемент зэрэгт суурилан хуваагдалд орж, гений мэдээллээ шинэчилдэг” гэсэн байна. Уг тайлбараас үзвэл вирус амьгүй буюу эсгүй эд зүйлсээс шууд үүснэ гэх ойлголт байхгүй аж.

Олон нийтийн дунд шуугиан дэгдээсэн тус мэдээлэлд нэр дурдсан эмч болох ХСҮТ-ийн захирал, доктор Н.Эрдэнэхүүтэй 11 дүгээр сарын 22-нд утсаар холбогдож тодруулга авсан юм. Тэрээр “2021 онд Монголын болон бусад орны эрдэмтдийн хамтарсан судалгааны ажлын тайлан гарсан. Монголчуудын элэгний хорт хавдрын эсийг бусад орны өвчтөнүүдийн эстэй харьцуулахад орчны нөлөөгөөр үүсдэг мутац байсныг илрүүлсэн. Илэрсэн мутацын онцлог нь амин хүчил солигдсон байсан ба тус солигдолд диметил сульфат нөлөөтэй. Диметил сульфат нь нүүрсний шаталтаас ялгардаг. Энэ мутац бусад орны өвчтөнүүдэд ажиглагдаагүй. Гэтэл хавдар түгээдэг шинэ вирус гарчихсан юм шиг хүмүүс төөрөлдөөд байна. Вирус халдварлана, хорт хавдар халдварлахгүй” гэсэн юм. Мөн бидэнд холбогдох судалгааны тайлангийн холбоосыг илгээсэн.

Монголын болон бусад орны эрдэмтдийн хамтарсан судалгааны ажилтай танилцлаа. Тайланг Америкийн хорт хавдрын судалгааны холбооны сэтгүүлийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний дугаарт хэвлүүлжээ. Испани, Итали, Герман, Англи, Америк, Монгол зэрэг орнуудын эрдэмтэд ажилласан ба гол судлаачдаар Испанийн IDIBAPS буюу Август Пай-Сунерийн Биоанагаах ухааны хүрээлэнгийн судлаач Лаура Торрэнс болон АНУ, Нью-Йоркийн Маунт Синай анагаах ухааны сургуулийн судлаач Марк Пугвеи нар ажилласан байна. Хураангуйг орчуулж дор хүргэлээ.

Судалгааны зорилго:
Монгол улс элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийн хамгийн өндөр үзүүлэлттэй орон. 100,000 хүн амд ойролцоогоор 100 орчим хүн. Хорт хавдрын тохиолын учир шалтгааныг бүрэн тодорхойлоогүй л байна.

Туршилтын загвар:
Бид элэгний хорт хавдартай 192 монгол өвчтөн, 188 барууны бусад орны өвчтөнүүдийн хорт хавдрын дээжийн РНХ дарааллыг уншиж харьцуулсан дээжүүдэд геномын ялгаатай байдал бий эсэхийг, түүнд хүрээлэн буй орчны нөлөөлөл байж болзошгүй эсэхийг судаллаа.

Үр дүн:
Монгол өвчтөнүүдийн олонлог харьцангуй залуу, эм хүйс давамгайлсан байсан ба элэгний В болон D вирусийн хавсарсан өвчлөл түлхүү байсан. Монгол дээжээс 4 онцгой мутацын шинж тэмдэг ажиглагдлаа. Монгол өвчтөнүүдээс авсан дээжийн 25%-д илэрсэн мутац нь T>G схемээр амин хүчил солигдоход үүсдэг ба мутац илэрсэн өвчтөнүүдийн 71 хувь нь диметил сульфатад өртсөн байх магадлалтай байсан. Диметил сульфатыг 2А бүлгийн буюу хорт хавдар үүсгэх магадлалтай үүсгүүрийн ангилалд багтдаг. Гол үүсгүүр нь нүүрсний шаталт.

T>G амин хүчил солигдсон гэх тухайд энд дарна уу.

АНУ-ын Калифорни дахь палентлогийн музейн их сургуулийн вебсайтад байршуулснаар “Бидний ДНХ нь C, T, A, G гэсэн 4 суурь аминхүчлээр кодлогдсон байдаг. ДНХ-ын өөрийн хуулбарлалтын алдаа эсхүл гадаад орчны нөлөөгөөр ДНХ дараалал өөрчлөгдөх ба ямар амин хүчил, яаж солигдсоноор шалтгааныг тодорхойлох боломжтой” гэсэн байна.

Дүгнэлт:
Монгол өвчтөнүүдийн элэгний хорт хавдар молекулын онцгой хэв шинжтэй буюу генд хортой байгал орчны хүчин зүйлээс үүдэлтэйг илтгэх шинж байна.

“Монгол дахь элэгний хорт хавдрын өвчлөл молекулын онцгой хэв шинж нь хүрээлэн буй орчны шалтгаант мутацын ул мөртэй холбогдох нь” туршилтын тайлан

Судалгааны төгсгөлд диметил сульфат болон мутацын хамаарлыг илүү дэлгэрэнгүй судлах ёстойг онцолжээ. Диметил сульфатын үүсгүүрийг ч хангалттай нарийн тодорхойлоогүй байна. Гэсэн ч монгол өвчтөнүүдийн элэгний хорт хавдрын дээжээс хүрээлэн буй орчны хүчин зүйлээс шалтгаалсан мутац илэрсэн.

ДЭМБ-ын статистик мэдээллээр 2020 онд 19.2 сая гаруй хүн хорт хавдраад өвдөж, 9.9 сая хүн хорт хавдрын шалтгааны улмаас нас баржээ. Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралтаараа нэгдүгээрт, элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа тэргүүлж байна. ДЭМБ-ын статистик мэдээлэлд түрүү булчирхай, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хорт хавдрууд зохилж байна.

Монгол улсын хүн амын дунд 2021 онд 5,981 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдсэн ба хамгийн их буюу 32% нь элэгний хорт хавдар байна. Элэгний хорт хавдрын өвчлөл 100,000 эрэгтэй хүн амд 68 тохиолдол, эмэгтэй хүн амд 52 тохиолдол байгаа нь мөн хамгийн өндөр үзүүлэлт байна. Мөн 2021 онд хорт хавдрын шалтгаант нас баралтын хамгийн их буюу 37% нь элэгний хорт хавдар байна.

Монгол улсад 2021 оны жилийн эцэст хорт хавдрын оноштой 24,141 хүн амьдарч байгаагийн 456 нь (нийт хяналтын 1.8 хувь) 0-19 насны хүүхэд байна. Хорт хавдрын хяналтад байгаа хүмүүсийн 41 хувь нь 5 ба түүнээс дээш жил амьдарч байна.

Хавдар судлалын үндэсний төв: МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ДУНДАХ ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС
БАРАЛТЫН ТАЙЛАН 2021 он

Америкийн хорт хавдрын нийгэмлэгийн вэбсайтад хорт хавдрын урьдач шалтгаан болдог вирусүүдийн талаар мэдээлжээ. Эдгээрээс элэгний хорт хавдар үүсгэх боломжтой гэж онцолсон вируст нь элэгний B, элэгний C, хүний дархлаа хомсдолын вирус зэргийг дурдсан байна. Дэлгэрүүлбэл:
“Элэгний B болон С вирус нь элэгний үрэвсэл үүсгэдэг. Элэгний А болон бусад вирус ч мөн адил элэгний үрэвсэл үүсгэх хэдий ч зөвхөн B болон С вирусийг удаан хугацаанд тээх нь элэгний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлнэ. ХДХВ, элэгний В, С вирус нь ижил замаар халдварладаг буюу зүү, тариур, хамгаалалтгүй бэлгийн харилцаа, төрөлт зэргээр дамждаг. С вирусийн эмийн эмчилгээ нь хэдэн сар үргэлжлэх ба үрэвслийг зогсоох боломжтой. Харин В вирусийн эмчилгээ нь ужиг үрэвслийг намдаах хэдий ч бүрэн эдгээхгүй. Аль, аль эмчилгээ бүрэн эдгэрэл амлахгүй ч элгэнд учруулах гэмтэл, хавдрын эрсдэлийг бууруулна. ХДХВ нь цус сэлбэхэд, хөхүүл ээжээс нярайд, эд, эрхтэн шилжүүлэн суулгах зэргээр дамжин халдварлах боломжтой. В вирусийн эсрэг вакцин бий. Харин С вирус болон ХДХВ-ийн эсрэг вакцин байхгүй” гэсэн байна.

Дээрх вирусээр халдварлах нь шууд хорт хавдар үүсгэхгүй буюу тэдгээр нь зөвхөн хорт хавдар үүсгэх урьдач нөхцөл болдог шинжтэй байна.

Харин түлшнээс шинэ төрлийн вирус гарч ирсэн гэх мэдээлэл үндэслэлгүй. Баримтыг нягтлалгүйгээр буруу тайлбартай түгээсэн нь ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document