2023 оны 11 дүгээр сарын 24-нд Очирхуяг Ганхуяг нэртэй хэрэглэгчийн хаягаар “2024 оны 1 сарын 1-ээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтэрсэн торгуультай автомашиныг журмын хашаанд зална гэнэ дээ.” гэх пост оруулсан байна.
Дараах байдлаар шалгалаа
Нийслэлийн авто замын газар, Тээврийн цагдаагийн алба зэрэг холбогдох төрийн байгууллагуудын албан ёсны вэбсайтад торгууль төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг журамлах тухай өөрчлөлт, шийдвэр байхгүй байна.
Мөн өргөн барьсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлд торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг журамлах тухай заалт байхгүй.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/101 дүгээр тушаалын хавсралт Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам-д тээврийн хэрэгслийг түр саатуулах нөхцлийг зааж өгсөн.
33 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах
- 33.1.Цагдаагийн алба хаагч дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, эсхүл тээврийн хэрэгслийг түр саатуулж болно:
- 33.1.1.тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилж байгаа;
- 33.1.2.жолоочийг гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгаж байгаа;
- 33.1.3.жолоодох эрхгүй, ангилал тохирохгүй үнэмлэхтэй хүн жолоодож яваа;
- 33.1.4.улсын дугаар, бүртгэлийн зөрчилтэй, техникийн оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй;
- 33.1.5.тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй;
- 33.1.6.тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, гэмт хэргийн нотлох баримтыг агуулж байгаа;
- 33.1.7.зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгаж тогтоох шаардлагатай;
- 33.1.8.өндөр хэмжээний зочин, төлөөлөгчийн болон нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалтыг зохион байгуулах үеийн аюулгүй байдлыг хангах.
- 33.2.Түр саатуулах тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл бусад аргаар хөдөлгөөнийг хязгаарлана.
Дээрх тохиолдлуудаас жолоодох эрхгүй, эсвэл ангилал таарахгүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол журмын хашаанд хийнэ.
- 34 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх
- 34.1.Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийг дараахь тохиолдолд зөөж шилжүүлнэ:
- 34.1.1.замын хөдөлгөөний дүрэмд түр, эсхүл удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож орхисон;
- 34.1.2.шаардлагатай бол энэ хуулийн 33.1.3-т заасан тохиолдолд.
- 34.2.Зөөж шилжүүлэх тээврийн хэрэгслийг зориулалтын техник хэрэгсэл ашиглан ойролцоох зогсоолд, эсхүл энэ хуулийн 33.2-т заасан талбайд хүргэнэ.
Одоогоор тээврийн хэрэгслийг түр саатуулах байр буюу журмын хашаанд хийхээр зохицуулсан хоёр тохиолдол байгаа нь жолооны эрхгүй хүн жолоодсон болон зогсоолгүй газар байрлуулсан автомашиныг журмын хашаанд хийхээр байна.