2023 оны 11 дугаар сарын 16-нд Т. Уярал Тааяа нэртэй хэрэглэгч “Энэ одоо юу вэ, Түмэн Шувуут монгол өндөзг биз дээ? Бүгдийг нь чанасан ийм өндөгнүүд байх юм. Резинэн бөмбөг шиг үсэрч ойгоодь хугацаа дууссан ч ингэж чанагдахгүй биз дээ, хугацаа нь дууссан өндөг ийм резин болдог юм уу” гэх тайлбартай зураг, бичлэгийг байршуулжээ. Одоогийн байдлаар 47 реакц, 22 сэтгэгдэл авч, 45 шэйр цуглуулсан байна.
Байршуулсан бичлэгт өндөгний шарыг харуулж барьцалдсан, сунамтгай, ойсон шинжтэй байгааг буулгажээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Түмэн Шувуут ХХК-аас тодрууллаа
Бид 11 дугаар сарын 16-нд “Түмэн Шувуут” ХК-ийн Борлуулалтын албатай утсаар холбогдож хэрэглэгчийн постын талаар хариу тайлбар авсан болно.
“Өндгийг гүн хөлдөөсөн эсвэл цельсийн +1-ээс бага хэмд 3-аас дээш хоног хадгалсан бол чанасны дараа өндөгний шар доторх уургийн бүтэц барьцалдаж резин мэт болдог. Аж ахуйгаас шууд гарсан өндөг ийм болдоггүй буюу тээвэрлэлт, хадгалалтын горим алдагдсанаас үүсдэг тул хэрэглэгч өндөг сонгохдоо тухайн борлуулагч яаж хадгалсан байна зэргийг ажиглах, мөн өөрөө зөв хадгалах хэрэгтэй. Манай өндөгнүүд үйлдвэрээс гараад худалдааны байгууллагууд руу тухайн өдрөө хүргэгддэг. Харин худалдан борлуулагч тухайн өндгийг хадгалж байгааг хэрэглэгчид мэдэх нь зүйтэй”
Түмэн Шувуут ХХК Борлуулалтын алба
2. Өндгийг хэт хүйтэнд хадгалахад өндөгний шар барьцалддаг
Макаогийн тусгай захиргааны бүсийн засгийн газрын Хүнсний аюулгүй байдлын мэдээлэл өгөх төвд өндөгний шартай холбоотой мэдээллийг байршуулсан нь:
“Хадгалалт, тээвэрлэлтийн горим нь өндөгний шарыг резин мэт барьцалдахад нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл. Өндөг хэт хүйтэн орчинд орох үед өндөгний шар усны агууламжаа багасгана. Энэ үедээ илүү царцдаг буюу буцаах аргагүйгээр өтгөрдөг. Бүр нарийн хэлбэл өндөгний шар дахь липопротейн нь бусад уургийн молекулыг царцааж, хөлдөлтийн үед усгүйжих, резин шиг болгоно. Хэт хүйтнээс гадна ер нь өндгийг удаан хадгалах тусам чанасны дараа резин шиг болох боломжтой.
Өндөг авахдаа эрүүл ахуйн шаардлага хангасан дэлгүүрээс үнэр ороогүй, хальс нь хагараагүй, хөгцгүйг нь сонгож аваарай” гэсэн байна.
Хэрэглэгчийн постод хавсаргасан зураг дээрх өндөгний савыг харахад хадгалах хугацаа хэтэрсэн өндөг байна.
3. Хөлдөхдөө хагарсан өндгийг бүү хэрэглэ
АНУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны зөвлөмжид:
“Хальстай өндгийг хөлдөөж болохгүй. Өндгийг санаандгүй хөлдөөгөөд хальс нь тэлж хагарсан тохиолдолд шууд хаях хэрэгтэй. Хэрвээ хальс нь цуурч, хагараагүй байвал өндгийг хөргөгчний бага хэмд гэсгээснийхээ дараа сайтар болгож хэрэглээрэй. Учир нь өндөг хөлдсөний дараа урсамтгай байдлаа алдаж улам хатуурдаг тул талх барихад эсвэл нүдэлж шарах зэрэгт тохиромжгүй болдог” гэсэн байна.
Хэрэв таны өндөг дэлгүүрээс авахад хагарчихсан байвал худалдаж авахгүй байх, мөн ахуйн нөхцөлд хадгалалтын үед санаандгүй хөлдөөсний дараа хальс нь хагарсан байвал хэрэглэхээс зайлсхийгээрэй.