Дараах зургуудыг хиймэл оюун ухаанаар бүтээсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #736

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Израил Газын зурваст 7 хоногийн дотор 10,000 гаруй бөмбөг хаясан” тухай зурагтай пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентыг шалгадаг Hive Moderation программаар шалгахад маш өндөр буюу 99,9 хувийн магадлалтайгаар хиймэл оюун ухаанаар бүтээсэн болохыг тогтоосон байна.

2023 оны 10 дугаар сарын 28-нд Mendbayar Purev гэх хаягтай хэрэглэгч “Израил Газын зурваст 7 хоногийн дотор 10,000 гаруй бөмбөг хаясан” тухай мэдэгдсэн пост нийтэлсэн ба үүнд Палестин гэж тэмдэглэсэн гурван зургийг хавсарган нийтэлсэн байна. Зургуудад дэлбэрэлтийн хажууд бага насны хүүхэд зогсож байгаа болон өөр нэг зурагт нурангийн хажууд хүүхдүүд үүрч, хөтөлсөн эрэгтэй хүн байгаагаар дүрсэлсэн байна. 

  • Хуурамч мэдээллийг түгээх шинэ тутам гарч байгаа хэлбэр болох AI буюу хиймэл оюун ухаанаар бүтээх программуудын талаар олон улсын судлаач, баримт шалгагч болон мэргэжлийнхэн судалж, түүнийг бууруулахын төлөө ажилласаар байна. Иймд энэ төрлийн хиймэл оюунаар бүтээсэн зургуудыг олон нийт таньж мэддэг болгох зорилгоор мэдээллүүдийг хүргэж байгаа билээ.

Бид постод ашигласан зургуудын эх сурвалжийг хайж үзэхэд хиймэл оюун ухаанаар бүтээсэн болохыг илтгэсэн ба хөндлөнгийн программуудаар хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэдгийг шалгаж үзэн тогтоосон. Түүнчлэн, дээр тайлбарласан зургуудыг Check Your Fact, NewsMeter, The Quint зэрэг баримт шалгах байгууллага хиймэл оюун ухаанаар бүтээсэн болохыг нь онцлон мэдээлж байсан байна.

Эхний зураг болох дэлбэрэлтийн хажууд зогсож буй хүүхдийн зургийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентыг шалгадаг Hive Moderation программаар шалгахад маш өндөр буюу 99,9 хувийн магадлалтайгаар хиймэл оюун ухаанаар бүтээсэн болохыг тогтоосон байна. 

NewsMeter болон The Quint нарын мэдээлснээр дээрх хүүхдийн зураг 10 дугаар сарын 11-нд Туркийн GDH гэх хэвлэл мэдээллийн байгууллага “Газа дахь амьдралыг хиймэл оюун ухаанаар дүрсэлсэн нь” гэсэн тайлбартайгаар X-т (хуучнаар Twitter) нийтэлснийг  тэмдэглэсэн байна.

Харин хүүхдүүд үүрсэн эрэгтэй болон дэлбэрэлтээс болж хол шидэгдэж буй хүүхдийн зургийн эх сурвалжийг олж тогтоогүй ч дээрх зурагтай ижил хиймэл оюун ухаанаар хийсэн байх өндөр магадлалтай болохыг Hive Moderation дахь шалгалтын үр дүн харуулж байна. Энэ вэбсайтад хэн ч нэвтрэн, шалгах зургаа байршуулах боломжтой юм.

Мөн дээрх зургууд ямар нэг баталгаатай хэвлэл мэдээллийн эх сурвалжид дурдагдаагүй байгаа ба зөвхөн нийгмийн сүлжээний платформуудад хязгаарлагдмал хүрээнд тархсан байсныг дээрх зургуудыг Google хайлтын системийн зургаар хайх функцээр шалган (1, 2, 3) харж болохоор байна.

Бид өмнө нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургийг ашиглан төөрөгдүүлсэн агуулгатай мэдээлэл түгж байсан талаар анхааруулж баримт шалгалтууд нийтэлж байсан ба тэгш бус хэмтэй бие, эрхтэн, хэт толигор арьсны өнгө гэх мэт хиймэл оюун ухаанаар бүтээснийг илтгэх шинж тэмдгүүд байдгийг тэмдэглэж байсан.
Израил-Хамасын дайн 10 дугаар сарын 7-нд эхэлснээс хойш 7 хоногийн дотор 6,000 гаруй бөмбөг Газын зурваст унасан тухай Израилын Агаарын Хүчин 10 дугаар сарын 12-нд мэдэгдэж байсан байна. Газа дахь Палестины засгийн газраас 10 дугаар сарын 24-нд дайн эхэлснээс хойш 12,000 тонн дэлбэрэх бодис Газын зурваст унасан ба “энэ нь 1945 онд Хирошимад хаясан цөмийн бөмбөгний дэлбэрэлтийн хэмжээтэй дүйж байгаа” тухай мэдээлсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document