Гэртээ лаврын навч шатаах сайн гэх мэдээлэл батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #734

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Лаврын навчийг хоол хүнсэнд, эмчилгээний зорилгоор, хамгаалалт хэлбэрээр болон бусад олон зүйл ашиглахад ач  тустай гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Лаврын навчийг хоол хүнсэнд хэрэглэх нь олон талын ач тустай ч шатааж туршсан судалгаа байхгүй

2022 оны 8 дугаар сарын 26ны өдөр Жаргалтай гэр бүл гэх хуудаснаас “ Эртний Грек, ромчууд гэрийн эвгүй үнэр, чийгийг арилгах зорилгоор хатаасан лаврын навчийг шатааж хэрэглэдэг байсан. Лаврын навчны үнэр тайвшруулж, өвчин намдаах үйлдэл үзүүлдэг. Лаврын навчны тусламжтайгаар стресс, ядаргаа, нойргүйдэлтэй тэмцэж болно. Уг амтлагчинд агуулагдах цинеол, эфирийн тос нь амьсгалын замыг чөлөөлж бүх биеийг тайвшруулж өгдөг. 10 минутын турш тайвшралыг мэдрэхийн тулд хэд хэдэн хатаасан лаврын навчийг шатааж хэрэглээрэй,Мөн лаврын навч нь цэвэр ариун байдал, амжилтыг бэлгэддэг учир эрт дээр үеэс хүсэл биелүүлэхэд ашиглаж ирсэн. Лаврын навчны үнэр жоомыг үргээдэг… ” гэх агуулгатай 2 минут 8 секунд үргэлжилэх бичлэг оруулсан нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хандалт авсаар /одоо ч шэйр нэмэгдсээр байна/ нийт 6,000 хандалт, 107 сэтгэгдэл авч, үзэлтийн тоо 506,000 хүрч 11,100 удаа цааш түгээгджээ.  

FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ

Лаврын навчны тухай

Lauraceae аймгийн мөнх ногоон лаврын модны (Laurus nobilis) навчийг ( bay leaf, laurel leaf) даршилсан ногоо, шөл, чөмөг, загас зэргийг амтлахад түгээмэл хэрэглэдэг амтлагч бөгөөд анхилуун үнэртэй боловч гашуун амттай. Lauraceae нь 50 орчим төрөл зүйл, 2500 гаруй зүйлийн мөнх ногоон бут сөөг, модноос бүрддэг.

А аминдэм болон олон эрдэс бодисыг агуулдаг. 1 унц буюу  28.3 грамм лаврын навч нь 54 калори ба, 

  • 1-1.2 грамм уураг, 
  • 12-13 грамм нүүрс ус,
  • бага хэмжээний өөх тос, 
  • 1-1.5 мг төмөр (Fe), 
  • 51-53 мг кальци (Ca), 
  • 2000-3000 IU, 
  • витамин А, 
  • 14-15 мг витамин С, 
  • бага хэмжээний кали агуулдаг.

Лаврын навч төрөл зүйлээсээ хамааран өөр байдаг ч ихэвчлэн таннин(tannins), флавон(flavones), флавоноид(flavonoids), алкалоид(alkaloids), эвгенол(eugenol), линалол(linalool), метил чавикол(methyl chavicol), антоцианин(anthocyanins) агуулдаг байна. 

2010 хийсэн “Ациклик монотерпен спиртийг амьсгалын замаар хэрэглэхэд сэтгэл түгших эмгэг, нийгмийн харилцаа болон түрэмгий зан зүйлд нөлөөлөх” тухайн хархан дээр хийсэн туршилтын судалгаа болон 2016 онд хийсэн “Энэтхэг лаврын навчны усан хандны сэтгэл түгшүүрийн эмийн үйлчилгээ, сэтгэл гутралын эмийн үйлчилгээ  болон стрессийн эсрэг үйлчилгээний тухай” хархан дээр хийсэн туршилтын судалгаанд лаврын навчинд агуулагддаг линалол буюу ациклик монотерпен спирт нь тайвшруулж, сэтгэлийн түгшүүр, стресс болон  сэтгэлийн хямралыг бууруулахад тусалдаг болохыг харуулжээ. 

Гэвч эдгээр судалгаанд лаврын навчийг шатааж туршаагүй байна. 

Лаврын навчийг ургамлын гаралтай эм болгон ашигладаг байсан бөгөөд антиоксидант, таталтын эсрэг, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, мутагений эсрэг, дархлаа эрчимжүүлэх, вирусийн эсрэг, нейротрансмиттер ацетилхолины үйл ажиллагааг эсэргүүцэх., шавж үргээх, нянгийн эсрэг, саажилтын эсрэг зэрэг үйлчилгээтэй аж. 

Эмийн хэрэглээнээс гадна лаврын навчийг хоол хүнсэнд хэрэглэж, шүтлэг бишрэлтэй холбоотойгоор ашиглаж иржээ. Жишээлбэл, Израилд ялалтын бэлгэдэл гэж үздэг байсан бол эртний Газар дундын тэнгисийн оршин суугчид лаврын модыг хамгаалалтын хүч цацруулж, тэднийг азгүйдлээс сэргийлдэг тул аянга цахилгаанаас зайлсхийхийн тулд байшингийн ойролцоо тарьдаг байв. Харин ром, грекчүүд лаврын навчийг голчлон нэр хүндтэй иргэд, яруу найрагч, баатрууд, санваартнууддаа толгойн боолт болгон ашигладаг байсан бөгөөд яруу найрагч болохын тулд лаврын навчтай унтдаг байв. Франц улсад муу муухай энергийг арилгана гэж үздэг байсан бол Хятадад муу муухайг алга болгохын тулд лаврын навчтай усаар угаадаг гэх мэтчилэн улс орон бүр өөр өөрийн итгэл үнэмшлээр лаврын навчийг хэрэглэдэг байсан аж. 

Лаврын навчийг хоолонд амт оруулах амтлагчаар хэрэглэх нь зүйтэй бөгөөд навчийг огт идэж болохгүй юм. Ширхгээсээ хамаараад хазаж хэрэглэх боломжгүй байдаг ба хүний хоолойнд тээглэх аль эсвэл хоол боловсруулах эрхтнүүдийн аль нэгт ороод гацах аюултай байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document