Усан доор 17,000 км урт хана олдлоо гэх мэдээлэл бүрэн бус 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #729

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Дэлхийг тойрсон нууцлаг 17.000 км усан доорх хана Google Earth дээрээс олдлоо” гэх гарчигтай бичлэг оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Google Earth программыг ашиглан усан доорх мэдээллүүдийг харах, хайх, судлах боломжтой болж, нөгөөтэйгүүр технологи хөгжүүлэлтийн явцад давхардсан мэдээллийн өгөгдлөөс үүдэж алдаа гарч болзошгүйг мэдэж авлаа. Тиймээс энэ төрлийн мэдээллүүдийг тухайн асуудлыг хариуцсан албан ёсны байгууллагууд баталгаажуулсны дараа олон нийтэд мэдээлдэг учраас баттай эх сурвалжуудын мэдээллийг хүлээх шаардлагатай юм.

ApoX TV нэртэй фэйсбүүк хуудаст 2023.09.06-нд “Дэлхийг тойрсон нууцлаг 17.000 км усан доорх хана Google Earth дээрээс олдлоо” гэх гарчигтай бичлэгийг оруулсан байна. Энэ пост нь 10 дугаар сарын 15-ны байдлаар 3600 гаруй реакц, 188 сэтгэгдэл авч, 1500 гаруй удаа цааш түгээгджээ. 

Уг бичлэгт “Дэлхийг бүхэлд нь тойрсон нууцлаг усан доорх хана нь Google Earth дээрээс олдлоо. Номхон далайгаас эхтэй уг урт газар доорхи хана нь Антрактид хүртэл тэлсэн байна. Энэхүү газар доорхи хананы өндөрийг програмын тусламжтай хэмжиж үзэхэд 1.13км өндөр байжээ. Мөн тэдгээрийг маш жигд нэг хэмд барьсан нь гарцаагүй өндөр хөгжилт хүмүүсийн бүтээсэн зүйл гэдэг нь тодорхой байгаа юм. Эрт цагт амьдарч байсан ондоо соёл иргэншил магадгүй эдгээр нүсэр том ханануудыг барьсан байх өндөр магадлалтай байгаа юм. Гэвч тэдгээрийг чухам ямар зорилготой бүтээсэн нь нууц оньсого мэт үлджээ. Магадгүй усны түрлэгийг зогсоох эсвэл тухайн цаг үеийн хил хязгаарыг тодорхойлох зорилготой бүтээсэн байх талтай юм.” гэсэн тайлбаруудыг өгчээ.  

Дараах байдлаар баримт шалгав

Агуулгыг нягтлах

Шалгаж буй бичлэгтэй холбоотой олон улсын эх сурвалжуудын мэдээллийг шалгаж үзэхийн өмнө эхлээд Google Earth программ дээр далай тэнгисийн гүн, усан доорх дүрслэлийг харж болдог эсэхийг шалгаж үзлээ.

  • 2009 оны 02 дугаар сарын 01-нд The Guardian сэтгүүлийн вебсайтад гарсан нийтлэлд, “2006 онд Google Earth программ гарснаас хойш олон сая хүн энэхүү виртуал бөмбөрцгийг ашиглан дэлхийг тойрон аялж байна. Google-ийн зүгээс “Google Earth” төсөлдөө далайн гүний газрын зураг болон усан доорх асар их хэмжээний дүрслэлийг нэмж байгаагаа саяхан зарласан. Энэ үйл явдал нь Google Earth манай гаригийн бүрэн дижитал төлөөллийг бий болгох зорилгод илүү ойртуулж буй хэрэг юм.” гэжээ. 
  • Мөн 2009 оны 02 дугаар сарын 03-нд The Economic Times сэтгүүлийн вебсайтад “Google Earth-ийн дараа Google Ocean ирлээ” гарчигтай мэдээ гарчээ. Тус мэдээнд, хайлтын системийн Google компани интернэт хэрэглэгчдэд гэрээсээ далай, тэнгисийн гүнийг судлах боломж бүхий шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Google Earth-ийн далай нь хэрэглэгчдэд усны гадаргуу доор шумбаж, усан доорх газар нутгийг 3D-ээр судалж, далайн эрдэмтдийн оруулсан мэдээллүүдийг харах боломжийг олгох боллоо гэх Google-ийн мэдэгдлийг эш татан мэдээлжээ. 

Дээрх олон улсын эх сурвалжийн мэдээллүүдийг харахад Google Earth программыг ашиглан дэлхий дээрх далай, тэнгисүүд болон усан доорх дүрслэлүүдийг олж харах, усны гүнийг судлах боломж 2009 онд бүрдсэн байна. 

Google Earth ашиглан усан доор олж нээсэн зүйлс буюу дэлхий дахинд маргаантай сэдвүүд:

  • 2009 оны 02 дугаар сарын 20-нд The New York Times сонины вебсайтад “Домогт Атлантис хот Google Earth дээр олдсон уу” гарчигтай мэдээ гарчээ. Тус мэдээнд, “Английн нислэгийн инженер Берни Бамфорд Google Earth-ийн усан доорх хайлтын шинэ хэрэгслийг туршиж байхдаа далай доор нэгэн нууцлаг дүрслэл бүхий шугамыг олжээ. Энэхүү хачирхалтай дүрслэл нь Атлантис гэх домогт арлын нэг хэсэг гэгддэг Африкийн баруун эргийн ойролцоо байжээ. Харин, Google-ийн зүгээс тухайн дүрслэлийг Атлантис хоттой холбоотой гэх мэдээллүүдийг няцааж, тэдгээр хөндлөн шугам нь далайн мэдээлэл цуглуулдаг завинуудын үлдэгдэл гэж мэдээлсэн байна. Гэвч, тухайн үед Google-ийн тайлбарыг эсэргүүцсэн олон хүн байсан төдийгүй олон нийтийн цахим сүлжээ, сайтуудаар маргаан их дэгджээ.

Атлантис нь домогт гардаг арлын нэр бөгөөд эртний Грекийн нэрт сэтгэгч Платон өөрийн “Тимей”, “Критий” хэмээх зохиолдоо анх энэ талаар бичжээ. Атлантис нь Атлантын далайд байсан томоохон арал ба ойролцоогоор 10-8 мянган жилийн өмнө байгалийн гамшгийн улмаас усанд живж алга болсон талаар дээрх зохиолуудад гардаг байна.  

2009 онд Google Earth дээр олдсон “Алдагдсан Атлантис хот” гэгдэх зураглал

  • 2012 оны 02 дугаар сарын 06-нд Их Британийн Daily Mail сонины вебсайтад “Атлантис дахин алга боллоо…” гэх гарчигтай мэдээ нийтлэгджээ. Мэдээнд, “Google Earth 3 жилийн дараа газрын зургаа дахин шинэчилж, усан доорх Атлантис хот олдсон гэх цуу яриаг дарлаа. 2009 онд интернэт хэрэглэгчид үлгэр домгийн хоттой адил харагдах далай дээрх том шугамыг олж, тооцоолоогүй нээлт хийсэн. Google-ийн зүгээс, энэ нь давхардсан мэдээллийн өгөгдлөөс болж үүссэн ташаа мэдээлэл төдийгүй Атлантис гэх хот олдоогүй гэж шуурхай тайлбар хийж байсан. Google Earth-ийн шинэ хувилбар нь сүүлийн 3 жилийн судалгаагаар цугларсан мэдээллүүдийг ашиглан далайн хэд хэдэн гол бүсэд илүү оновчтой дүрслэлийг бий болгожээ.” хэмээн бичжээ. 

2012 онд Google Earth шинэчлэгдсэний дараах зураглал 

Олон мянган км урттай, усан доорх хана гэх мэдээллийн тухайд:

  • 2018 оны 12 сарын 18-нд “Google Earth далай доорх аварга том ханыг нээсэн үү?” гарчигтай нийтлэл ШУ, технологийн мэдээ хүргэдэг ScienceInfo.net вебсайтад нийтлэгджээ. Уг нийтлэлд, “2017 оны 3-р сарын эхээр Flat Earth Arabic нэртэй Youtube сувагт Google Earth-д буй супер хананы тухай бичлэгийг тавьсан бөгөөд тус хана нь 16,000 гаруй км урттай байжээ. Интернэт хэрэглэгчид Google Earth-г ашиглан энэ мэтчилэн үл мэдэгдэх нисдэг биет, пирамидаас эхлээд газар доорх цамхаг, хотуудыг хүртэл нээсээр байна.” хэмээн бичжээ. 
  • “Flat Earth Arabic” Youtube сувагт нийтлэгдсэн бичлэгийг үзэхэд манай шалгаж буй бичлэгний эх хувилбар байх бөгөөд 2017.03.06-нд “Google Earth дахь мөсөн хананы нотолгоо” нэртэйгээр цацагдсан байна. Энэхүү бичлэгт усан доорх хананы гэх дүрслэлүүдийг илүү нарийвчлан харуулж байгаа хэдий ч, үүнийг баримт баталгаатай эсэхийг нь тодорхойлох ямар нэг тайлбар текстүүд байхгүй байна. 

Зургаар хайх

Шалгаж буй мэдээлэлд гарч буй Номхон далайгаас Антарктид хүртэл тэлсэн урт хана Google Earth дээр байгаа эсэхийг бодитоор шалгахын тулд тус сайтруу хандаж, газрын зураг дээр тухайн хэсгийн дүрсийг хайж үзэв. Ийнхүү харахад Антарктидаас дээш нэг хэмд үргэлжилсэн урт, шулуун шугам харагдаж байгаа ч, шалгаж буй мэдээлэлд гарч байгаа шиг урт үргэлжлэхгүй буюу Номхон далай хүрэхгүй дуусч байна. 

Шалгаж буй мэдээлэлд гарч буй усан доор 17,000 км урт хана олдсон гэх мэдээлэл нь анх 2017 онд гарсан ба одоогоос 6 жилийн өмнө болсон буюу цаг хугацааны хувьд хуучирсан байна. Мөн, тухайн үед олон улсын баталгаат эх сурвалжуудад энэ талаар ямар нэг мэдээлэл гараагүй төдийгүй энэ мэдээллийг үнэн эсвэл худал гэдгийг нотлох албан ёсны баримт, мэдээ одоог хүртэл байхгүй байна.

  • Google Earth программыг ашиглан усан доорх мэдээллүүдийг харах, хайх, судлах боломжтой болж, нөгөөтэйгүүр технологи хөгжүүлэлтийн явцад давхардсан мэдээллийн өгөгдлөөс үүдэж алдаа гарч болзошгүйг мэдэж авлаа. Тиймээс энэ төрлийн мэдээллүүдийг тухайн асуудлыг хариуцсан албан ёсны байгууллагууд баталгаажуулсны дараа олон нийтэд мэдээлдэг учраас баттай эх сурвалжуудын мэдээллийг хүлээх шаардлагатай юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document