2023 оны 10 дугаар сарын 23ны өдөр Азтай өдөр гэх хаягаас “Халамж ба хүүхдийн мөнгө” гэх бүлгэмд бооцоот сугалаа буюу цахим мөрийтэй тоглоомын нэг хэлбэрийг шууд дамжуулан хүргэсэн юм. Тус бүлгэмд иймэрхүү төрлийн үйл ажиллагаа олон янзаар өрнөдөг бөгөөд өдөр бүр, олон цагаар үргэлжилдэг байна.
Мөрийтэй тоглоомын нэг хэлбэр бөгөөд зохион байгуулсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэдэг
Азтай өдөр гэх хаягаас явуулж буй тус тоглоомд нийт 6 хүн оролцох бөгөөд 15 үеийн турш үргэлжилнэ. Нэг хүнээс 35,000 төгрөг, нийт 210,000 төгрөгийг зохион байгуулж буй хүн авах юм. Мөнгө шилжүүлсэн хүмүүс өөрсдийн тоог хэлж бичүүлсний дараа зохион байгуулагч урьдчилан бэлдсэн сугалаанаас сугалж хэн “азтай”-г сонгоно. Энэ нь дүнг урьдчилан мэдэх боломжгүй бооцоот сугалаа буюу мөрийтэй тоглоомын нэг хэлбэр юм. Сугалсан тоо нь таарсан 3 хүнд тус бүр 50,000 төгрөгийг өгөх бөгөөд нэг хүнд дараагийн сугалаанд орох эрхийг өгч цааш үргэлжилнэ. Хэрэв дахин сугалсан тоо таарсан тохиолдолд 15,000 төгрөг нэмж авах бөгөөд үүнийгээ илүү өсгөхийн тулд цааш тоглосоор байна.
Харин алдсан хүмүүс дахин 35,000 төгрөгөөр дараагийн тоглоомд оролцох эрхтэй болж байгаа юм. Үүнээс харвал зохион байгуулж буй хүн нэг удаагийн тоглолтоос 10,000 төгрөгөөс дээш хэмжээний мөнгийг авч байгаа бөгөөд энэ нь өдөрт 3-аас дээш цагаар үргэлжилнэ.
Нэг үед нийт 6 сугалааны эрхээс 3 нь мөнгөн дүнтэй, нэг нь дараагийн үед оролцох эрхтэй гэвэл мөнгө хожих 50 хувийн магадлал байгаа гэсэн үг юм. Энэ нь тоглолт бүр дээр мөнгө хожно гэх баталгаагүй бөгөөд их хэмжээний мөнгийг алдах боломжтой юм.
Хаяг шалгах нь
Шалгаж буй лайв бичлэгийг хийж байгаа хаяг нь өөрийн зураггүй, танилцуулга хэсгийг огт бөглөөгүй. Лайв хийхдээ царайгаа огт харуулалгүй зөвхөн бичиж тэмдэглэж буй тоглоомын хэсгийг харуулдаг. Энэ нь тус хаяг залилангийн шинжтэй, хуурамч хаягаар хууль бус үйл ажиллагаа явуулж байгаагаа мэддэгийн шинж гэж үзэх үндэслэлтэй.
Холбогдох хууль тогтоомж
Эрүүгийн хуулийн 20.17.1-д:
Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хэмээн заасан байдаг.
Иймд бооцоо тавиад мөнгө хожно гэх лайв нь хууль бус үйлдэл бөгөөд гэмт хэрэгт уруу татагдаж мөнгө санхүүгээрээ хохирохоос сэргийлж, сайтар нягталж хууль бус үйл ажиллагаанд оролцохоос сэргийлээрэй.